Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсан байгааг сануулав

2015 оны 05 сарын 16

Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн тоймыг гаргадаг. Ээлжит тоймд Монгол Улсын импортын хэмжээ буурснаас шалтгаалан эхний гурван сарын үзүүлэлт дээшилсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсан гэж дүгнэжээ.

Уг үзүүлэлтийг эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой импортын хэрэгцээ суларснаас гадна дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбон тайлбарлаж байна. Цаашид гадаад худалдааны тэнцэлд өөрчлөлт гарахгүй бөгөөд 2015 онд гадны шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй гэсэн төлөв ажиглагдаж байгааг дурдлаа. Харин Монгол Улс мөнгөний хатуу бодлогыг баримталж, үүнд тохирсон арга хэмжээг авснаар төлбөрийн тэнцлийг сайжруулахаас гадна эдийн засгийг тогтвортой өсөлтийн зам руу хөтлөх боломжтой хэмээн үзжээ. Түүнчлэн орлогын хомсдол 2015 оны төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, төсвийн алдагдлын хязгаарыг биелүүлэхэд нэмэлт төсөв шаардагдахыг онцолсон байна.

Монгол Улсын гадаад өр 2014 оны эцэст 20.9 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийн 175 хувьд хүрсэн бол Засгийн газрын баталгаа гаргасан гадаад өр ДНБ-ийн 54 хувьд хүрснийг тодотгожээ. Мөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлт удааширч, импортын хэмжээ багассаар байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсаны нэг илрэл гэж анхаарууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД