“Дүрвэгсдийн асуудал” сэдвээр НҮБ-ын загвар хуралдаан болж байна

2015 оны 05 сарын 16

МУИС-ийн Олон улсын харилцааны нийгмийн ухааны сургуулиас  “Дүрвэгсдийн асуудал” сэдвээр НҮБ-ын загвар хуралдааныг зохион байгуулж байна.

11 дэх жилдээ болж буй тус арга хэмжээнд ОУХНУС, “Их Засаг” их сургууль, “Тагнуулын Академи”-ийн 150 гаруй оюутан  оролцож байна.  

 НҮБ-ын загвар хуралдааныг дэлхийн томоохон их дээд сургуулиуд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсад анх 2004 онд МУИС-ийн багш  Ж.Баттогтох санаачлан явуулжээ. Сүүлийн жилүүдэд уг арга хэмжээ улам өргөжин, бусад их дээд сургуулийн оюутнуудыг хамруулдаг болсноороо онцлогтой юм. Дээрх арга хэмжээ нь МУИС-ийн оюутнууд “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын эрх зүй” хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикаар баталгаажуулах, олон улсын хуралд оролцох дадлага туршлага эзэмшихэд өгөөжөө өгч байна.

“Дүрвэгсдийн асуудал” сэдвээр НҮБ-ын загвар хуралдаанд оролцсон багуудын танилцуулсан илтгэл, төлөөлж буй улсынхаа талаар хэр мэдлэгтэй, тухайн улсын байр суурийг хэрхэн хамгаалж байгааг харгалзан шүүгчид шилдгүүдийг тодруулна. Оюутнууд 22 орныг төлөөлөн оролцож байна.