Дарханы ахлах сургуулынхан хөлбөмбөгөөр өрсөлдөв

2015 оны 05 сарын 14

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас эрхлэн Дархан хот дахь Монгол-Туркийн хамтарсан 21 дүгээр сургуультай хамтарч тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-8 дугаар ангиудын дунд зохион байгуулсан “Хөл бөмбөгийн тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Дархан хотын 1, 4, 9, Мон-Турк сургууль, "Од", "Оюуны-Ирээдүй", "Жигүүр" цогцолбор сургуулиуд,15,18 зэрэг сургуулиудын нийт 216 багш, сурагч хамрагдсан уг тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргав. Уг тэмцээний  шагнал гардуулахад 6 дугаар ангиудаас “Од цогцолбор” сургууль тэргүүн байр эзлэж 15, 9 дүгээр сургууль удаах байр эзэллээ. 7 дугаар ангиудаас 9 дүгээр сургууль түрүүлж 15 дугаар сургууль, “Од цогцолбор”, 8 дугаар  ангиудаас 18 сургууль тэргүүн байр эзлэж Мон-Турк, 9 дүгээр сургууль хоёр гуравдугаар байр эзлэв.

“Энэ удаагийн тэмцээн нь өргөн бүрэлдэхүүнийг хамарсан, ширүүн өрсөлдөөнтэй, шударга болж өнгөрлөө. Гэвч өөр олон сургууль баг тамирчдаа оролцуулсангүй, байнга л идэвхтэй оролцдог сургуулиуд нь ирж оролцсон. Нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд сургууль тус бүрийг жигд оролцуулах талаар тодорхой ажлуудыг цаашид зохион байгуулж байх болно” гэж аймгийн БСГ-ын арга зүйч н.Өсөхбаяр ярилаа.