Иргэдээс 1200 гаруй өргөдөл ирсэн гэв

2015 оны 05 сарын 14

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Байнгын хороонд Улаанбаатар хот дахь газар, сургууль, цэцэрлэгтэй холбоотой 1200 гаруй өргөдөл ирсэн гэдгийг дуулгаад хотын дарга Э.Бат-Үүлийг нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж, өргөдлүүдийг нэг бүрчлэн танилцуулж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өгөхөө мэдэгдлээ.

Мөн өнөөдөр Боловсролын тухай хуультай холбоотой хэлэлцүүлэг хийх гэсэн боловч хойшлогдсон. Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд нь хэлэлцүүлэгт ирээгүй. Шийдвэр гаргах түвшний хүмүүс нь ирээгүй учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан гээд дараагийн хэлэлцүүлэгт албан тушаалтнуудыг заавал байлгах талаар Ерөнхий сайдад бичиг явуулсан гэлээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь газрын тос боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад Авлигатай тэмцэх газар болон бусад газруудтай хамтарсан шалгалт явуулахаар болжээ. Шалгалт хийх болсон шалтгааныг монгол хүний хийж болох ажлыг монголчуудаар хийлгэхгүй байгаатай холбоотой аж. Тэрээр энэ шалгалтыг хийх ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг дуулгасан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.