Амрагчдын хаясан хог хаягдлыг цэвэрлэв

2015 оны 05 сарын 11

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, "Зулзагын гол" нөхөрлөл, "Монгол-Оюу" сургуулийн есдүгээр ангийн сурагчид хамтарч тус аймгийн амралтын бүс нутаг болох Зулзагын гол руу явах зам дагуу болон  амралтын ногоон бүсэд амрагчдын хаясан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.

Зам дагуу задгай талбай, гуу жалганд амрагчид ахуйн хог хаягдлаа их хэмжээгээр асгасан байсныг цэвэрлэж ачуулсан байна. Мөн амралтын газруудын эргэн тойрон, нарсан ойг цэвэрлэх явцад ачааны машины тэвш дүүрэн архи ундааны шил, хуванцар сав гарчээ. Харин хүүхдүүд хоёрдогч түүхий эдийг тушааж олсон мөнгөө сайн үйлсэд зориулахаар болжээ. Амралтын идэвхтэй үе эхэлж байгаатай холбогдуулж иргэдийг амралт зугаалгаар явахдаа хогоо хаяхгүй байхыг уриалж байна гэж тус Монгол-Оюу сургуулийн сурагчид ярилаа.