Тариаланчид нэгдсэн бодлогогүй байгааг онцлов

2015 оны 05 сарын 07

Өнгөрсөн жилүүдэд уналтад ороод байсан тариалангийн салбар сэргэж, үр тариагаар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн ч тариаланчид нэгдсэн бодлогогүй явж байгааг “Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцогсод онцолж байна.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас зохион байгуулсан тус бага хуралд ХХААЯ, МХЕГ, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ, Ургамал хамгааллын хүрээлэн, Инженер технологийн сургууль, Монгол төмс хөтөлбөрийн зохицуулагч, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцоо. 
Хөрсний үржил шим, хяналтын тогтолцоо, таримлын технологи, үрийн аж ахуй, ургамал хамгаалал, техникийн шинэчлэл, тариалангийн газрын ашиглалт, бүртгэл үнэлгээ, ургамлын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн бодит хэрэгцээ, менежмент, төрийн тогтвортой бодлого зэрэг  сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа урамшуулалд тулгуурласан өнөөгийн төрийн бодлого зөв үү, цаашид үр тариагаа экспортлох хэмжээнд хөгжих боломж бий юу гэсэн асуудлаар санал солилцсон юм. Хурлын үеэр  техник, технологийн заавар зөвлөмжийг нарийн мөрддөггүйгээс 580 мянган га тариалангийн талбайд хийсэн шинжилгээгээр 61.4 хувь нь хүчтэй элэгдэлд орсон, монгол орны хөрсөнд нутагшаагүй үр сорт сонгож, тариалдгаас өвчин хортонд өртөх, дутуу болцтой ургац авах зэрэг эрсдэл байгааг мэргэжилтнүүд хэлж байв. Түүнчлэн нийт газар нутгийн 74 хувийг ХАА-н эдэлбэр эзэлдэг ч харьяа яамандаа ямар ч харьяалалгүй явж ирсэн нь эргээд үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн бэрхшээл болж буйг ХХАА-н сайд Р.Бурмаа онцоллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД