”Олон улсын Манга шагнал” уралдаан зарлав

2015 оны 05 сарын 07

Японы ЭСЯ,  "Олон улсын Манга шагнал"-ын гүйцэтгэх хороо хамтран 9 дэх удаагийн "Олон улсын Манга шагнал" уралдааныг албан ёсоор зарлалаа.

Энэхүү шагнал нь тухайн үеийн Японы Гадаад хэргийн сайд Асоо Тароогийн санаачилгаар 2007 оны тавдугаар сард анх зохион байгуулсан шагнал юм. Түүнээс хойш гадаадын улс орнуудад мангагийн соёлыг нэвтрүүлж мангагаар дамжуулан олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулсан манга зураачдыг урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулж байна.

Ирүүлсэн бүтээлүүд дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд "Олон улсын Манга шагналын Гран при шагнал", удаах гурван бүтээлд "Олон улсын Манга шагналын Шилдэг шагнал"-ыг тус тус олгох юм. Шагналын эзэд Япон сангийн урилгаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохоор Япон улсыг зорино. Түүнчлэн Японы манга зураачидтай санал бодлоо хуваалцах, хэвлэлийн компаниар зочлох, орон нутгаар аялах аж.Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг ирэх зургадугаар сарын 12-ныг хүртэл Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёл, мэдээллийн  хэлтэс, “Олон улсын Манга шагнал”-ын зохион байгуулах хороонд хүлээн авна.