Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв

2015 оны 05 сарын 06

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн анхан шатны санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын буюу нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг зорчуулдагаараа онцлогтой. Ингэснээр нэг чиглэлд цагт 8000-25000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Тус хөтөлбөрийг 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх аж.

Тодруулбал, эхний санхүүжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгө гаргахаар төлөвлөжээ. Дээрх хөрөнгөөр Энхтайвны гүүрний өргөтгөл, босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил, автобусны буудлууд байгуулж тохижуулах, босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км замын дэд бүтцийг сайжруулах, автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД