Хүн худалдаалах гэмт хэрэгт ашиглаж байсан хоёр дахь баазыг оллоо

2015 оны 05 сарын 06

Тайландын цагдаа нар хүн худалдаалах гэмт хэрэгт ашиглаж байсан хоёрдахь баазыг олсон байна. Баазыг чөлөөлөх үеэр хүний наймааны золиос болох гэж байсан нэг хүнийг аварч чадсан бол хүний наймааны золиос болсон 26 цогцсыг олжээ. Нас барсан 26 хүний 24 нь эмэгтэй байсан аж. Энэ нь Тайландын цагдаагийн газар өнгөрсөн баасан гаригт хүний наймааны гэмт хэрэг үйлддэг байсан эхний баазыг олсноос долоо хүрэхгүй хоногийн хугацаанд илрүүлсэн хоёрдахь бааз болж байгаа юм.

Хүн худалдаалж байсан эхний баазаас цагдаа нар хүний наймааны золиос болох гэж байсан гурван хүнийг аварсан юм. Түүнчлэн баазаас хүний наймааны хохирогч болсон олон хүний цогцсыг олсноос олонхи нь Мьянмар, Бангладешаас ирсэн рохинья мусульманчууд байсан юм. Тайландын өмнөд хэсэгт орших Малайзын хилтэй ойролцоохь Согхла мужийн Садао дүүргээс олсон энэхүү баазад үйл ажиллагаа явуулахад орон нутгийн эрх баригчид болон цагдаагийн албан хаагчид тусалж байсныг олж тогтоогоод байгаа аж. Гэмт хэрэгтнүүдийг үйл ажиллагаа явуулахад 14 цагдаагийн өндөр албан тушаалтан тусалж байсныг илрүүлж, мөрдөн байцаах газарт шилжүүлээд байгаа юм байна. Түүнчлэн тус баазад гэмт хэрэгт үйлдэж байсан менежерүүдтэй орон нутгийн албан хаагчид холбоо тогтоон зуучлах үүрэг гүйцэтгэж байжээ. Тайландын цагдаагийн газар баазад байсан найман гэмт хэрэгтнийг баривчлаад байгаа ч тэдний ард дахин арваад хүн байгаа хэмээн үзэж, мөрдөн шалгалт явуулж байгаа юм. Малайзын цагдаагийн генерал Аэк Ангсананонтын мэдэгдсэнээр нас барсан хүмүүсийг хүчирхийлсэн шинж тэмдэг илрээгүй, өвчний улмаас нас барсан нь урьдчилсан дүгнэлтээр тогтоогдоод байгаа аж.

Хүний эрхийн байгууллагаас хүний наймааны гэмт хэрэгт Тайландын Засгийн газрын хяналтаас гарч байгааг 2014 оны тайландаа тусгасан байдаг.

Рохиньячууд яагаад хүний наймааны золиос болдог вэ

2012 оны зургаа болон аравдугаар Ракина мужийн мусульман шашинтай Рохинья аймаг болон тухайн нутгийн буддын сүсэгтнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн гарсан юм. Шашин шүтлэгээс шалтгаалж Рохиньячууд ойр зэргэлдээ буддын шашинтнуудтай зайгаа барьсаар ирсэн бөгөөд харилцан алан хядсан явдал түүхэнд гарч байжээ. Гэвч 2012 оны зургадугаар сард шашны мөргөлдөөн хурцдаж, тухайн нутагт онц байдал зарлаж байсан бөгөөд 75 мянган иргэд нутгаасаа зугтаж, олон тооны гэр хороолол шатаж сүйрсэн байна. Энэ үймээн намжаагүй байтал тухайн жилийн аравдугаар сард гарсан бас нэгэн хүчирхийллийн мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн эндэж, 36 мянган хүн орон гэргүй болжээ. Харин 2013 оны хавар шашны бүлэглэлийн хүчирхийллийн томоохон мөргөлдөөн болсон юм. Мьянмарын төв нутгийн Мандалай мужийн Мектила хотын нэгэн алтан эдлэлийн дэлгүүрт үүссэн наймааны хэрүүл маргааны улмаас өргөн цар хэмжээтэй хүчирхийллийн үймээн дэгдэж, 40 шахам хүн амиа алдаж, хэдэн арван мянган хүн орогнох гэргүй болсон юм. Энэ мэтчилэн рохиньячууд хүчирхийллийн золиос болсоор ирсэн юм. 

2014 оны нэгдүгээр сарын байдлаар Тайландын цагдаа нар эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд хэдэн зуун рохиньячуудыг хүний наймааны золиос болсон байсныг олсон юм. 

Рохиньячууд нь Мьянмар, Бангладеш, Малайз, Пакистан, Саудын Араб, Тайланд, Индонез, Энэтхэгт тархан суурьшдаг бөгөөд нийт хоёр сая орчим хүн амтай мусульман шашинтнууд юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД