Эх орны дайнд баатарлаг гавъяа байгуулсан цэрэг эрсийн талаар онц сонирхолтой материалуудыг дэлгэв

2015 оны 05 сарын 06

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамны Сүлдэт танхимд “Халх голын цэрэг дайчид-Аугаа их Эх орны дайны баатрууд” сэдэвт цэрэг-түүхийн үзэсгэлэн нээлээ.

Үзэсгэлэнд Халх голын 1939 оны дайнд эр зоригоо гайхуулсан, 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд баатарлаг гавъяа байгуулсан цэрэг эрсийн талаар онц сонирхолтой материалуудыг дэлгэжээ. Мөн Монгол хүн сансарт анх удаа ниссэн түүхэн гэрэл зургуудыг байршуулсан байна.

Дайны үед ЗХУ–д нийлүүлсэн материаллаг тусламжийн гуравны нэг хувийг  Монгол Улс дангаараа бүрдүүлж байжээ. Сүлдэт танхимд нээсэн эл үзэсгэлэнг Оросын орон нутгийн олон нийтийн байгууллага “Дорны манаа” эрэл хайгуулын отрядаас эрхлэн гаргасан байна. Тус отряд 2004 оноос эхлэн Халх голын дайнд амь үрэгдэгсдийн цогцсыг хайж олох, цэргийн хүндэтгэл үзүүлэн дахин нутагшуулах, зорилготой хээрийн экспедицийг зохион байгуулдаг аж.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “ Өнгөрсөн жил ОХУ болон Монгол Улс Халх голын дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойг хамтран тэмдэглэсэн бол өнөөдөр Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 70 жилийн ойг тэмдэглэж байна. Тэртээх хүнд он жилүүдэд Зөвлөлт, Монголын ард түмэн хамтдаа байж, мөр зэрэгцэн тулалдаж, гар нийлэн ажиллаж “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө”гэсэн уриан дор амьдарч байсан” хэмээн онцлов.

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр хайгуулын отрядын удирдагч И.В. Сеченов ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын цэргийн ёслолын хувцасны маршалын таван хошууны хуулбарыг Улаанбаатар дахь Жуковын музейд хүлээлгэн өглөө.

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн баярын арга хэмжээ дууссаны дараа дээрх үзэсгэлэнг Москва хот руу шилжүүлж, Поклонная гора дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний Төв музейд байршуулах аж.