Абортыг битгий хүсээч

2015 оны 05 сарын 06

Хүмүүсийн дундах явган ярианд эмэгтэй хүн жирэмсэн болохыг “хүүхэд олох”, “гоол алдах” хэмээн хоёр янзаар нэрлэдэг. Энэ хоёр нэршил “жирэмсэн” гэсэн нэг утга илэрхийлж буй боловч цаанаа эсрэг тэсрэг агуулгатай юм шиг санагдлаа. Хүүхэд олсон хэмээн ярьж буйд хайр энхрийлэл дүүрэн хань, эх болох гэсэн чин хүсэл нь биелсэн эмэгтэй харагддаг. Гэвч гоол алдсан эмэгтэй сэтгэлээр унаж, өөрийгөө зүхэж суудаг.  Бие даах чадваргүй  өсвөр насны охид өөрийн хариуцлагагүй байдлаас хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхэдтэй болчихвол яах вэ. Мэдээж хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар бодож эхэлдэг, ихэнх нь түүнийгээ хэрэгжүүлчихдэг нь үнэхээр аймшигтай. Хэдийгээр эмэгтэй хүн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй ч аборт гэдэг тийм ч амар зүйл биш.

Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, залуу хосууд орох оронгүй гээд түм буман бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээсэндээ үүнийг хийдэг. Тэр нь тэдэнд амар санагдах хэдий ч гарах үр дагаварыг нь тийм ч сайн ойлгодоггүй бололтой. Нэгэнт л хүүхэд төрүүлж чадахгүй гэдгээ мэдэж байгаагаас цааш  жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох нь зүйн хэрэг шүү дээ.

Орчин үеийн залуус боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо цөөрөхгүй байгаа нь харамсалтай.  Гэр бүлийн болон сексийн боловсрол муутайгаас тохиолдлын харьцаанд орох, хамгаалалт хэрэглээгүйгээс болж хүсээгүй хүүхдээ тээх, залуус бие биеэ таниагүй байж дотно харьцаанд орж удалгүй салдаг зэргээс үр хөндөлтийн шалтгаанууд эхэлнэ.

            Манай улсад жилд 15 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлдэг бөгөөд абортод орж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 22-25 гэсэн статистк тоо байна. Үүнээс харахад боловсрол нимгэнээс бус мэдэж байгаа ч нүдээ дарж, хэнэггүй царайлдаг залуу үеийнхэн маань халтирсаар байгаа нь илт. Энэ тоо зөвхөн улсын эмнэлгүүдэд албан ёсоор хийсэн үр хөндөлтийн дүн. Тэгвэл хувийн эмнэлгүүд гэх зах замбараагүй  үр хөндөлтийн мастеруудын ажлыг оролцуулах юм бол гунигтай мэдээ сонсох нь даамжиггүй биз ээ. Энэ нь явж явж үр хөндөлт хийлгүүлсэн эмэгтэйчүүд  амь нас эрүүл мэндээрээ хохирох ээж болох эрхээ хасуулах зэрэг уршигыг ар араасаа дагуулж байгаа юм. Түүнчлэн үр хөндөлт хийлгэснээс болоод эмэгтэй хүний  архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах, умай савны агшилт сул, шавхрага хурах, үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох, дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох зэрэг сөрөг нөлөө үүсдэг гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг хэдий ч тоож байгаа хүн цөөхөн юм шиг ээ.

Эрэгтэй хүн ч яахав хэдэн сайхан чихэр шиг үг чихэнд нь унагааж байгаад унтахыг л бодно, тэд эмэгтэйд нь учрах үр дагаварыг нэг их анзаарахгүй. Харин эмэгтэйчүүд бид сүүлд нь бие мах бодиороо хохирхоос гадна зүрх сэтгэлдээ гүн сорвитой үлдэхгүйн тулд өөртөө эзэн нь болж хариуцлагатай байх нь зүйтэй.

Абортыг хичнээн сайн хийлээ ч эмэгтэй хүний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг, насан туршийн сэтгэлийн шаналгаа, хар толбо болон үлддэг гэдэг үгийг онцлон хэлье.

 Ирээдүйн эхчүүд, ээжүүд минь өөрсдийгөө хайрлаарай.