Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж магадгүй

2015 оны 05 сарын 06

Өвөрхангай аймгийн улс, аймгийн алдарт уяачдын зөвлөлгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уг зөвлөлгөөнийг Өвөрхангай аймгийн Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооноос санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөлгөөнд оролцож буй уяачид өнөө үед  морин спортод тулгамдаж буй олон асуудлыг талаар ярилцаж өөрсдийн санаа бодлыг хэлж байгаа юм.

Уг зөвлөлгөөнийг зохион байгуулагч Өвөрхангай аймгийн Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооны тэргүүлэгч С.Дэмчигээс дараах асуултад хариулт авлаа.
 
-Уяачдын зөвлөлгөөн гэхээр морин соёлын тухай бас унаач хүүхдүүдийн тухай хэлэлцэж байгаа байх?
- Морин спорт уяачдын холбооноос санаачилж өнгөрсөн дөрөвдүгээр сард Өвөрхангай аймгийн сумын алдарт уяачдын зөвлөлгөөнийг хийсэн. Үүний үргэлжлэл болгож өнөөдөр Өвөрхангай аймгаас төрөн гарсан улс, аймгийн алдар цолтой уяачдын зөвлөлгөөнийг хийж байна. Энэ уяачдын зөвлөлгөөнийг хийх болсон гол шалтгаан бол сүүлийн жилүүдэд монгол морин уралдааныг харах хүмүүсийн хандлага, тэр дундаа хотод суурьшсан иргэд болон залуучуудын хандлага өөрчлөгдөж байгаа. Харин сумандаа, аймагтаа морь уяж байгаа Монголын их соёлыг мориор дамжуулж өнөөдрийн түвшинд хүртэл хадгалж хамгаалж яваа энэ хүмүүсийн  үг, дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр нэгдүгээрт унаач хүүхдүүдийн асуудлыг яаж шийдэх юм, хоёрдугаарт монгол наадамд зөвхөн монгол морь уралдах юм уу, мөн энэ их соёлыг авч яваа уяачдыг урамшуулах, тэдний цол хэргэмийн асуудлын талаар мөн ярилцаж байна. Мөн уяачдын цол хэргэмийн асуудал  их хурцаар тавигдаж байгаа. Ингэхдээ  цол хэргэмийг ялгамжтай тогтоож байгаа талаар ярих болсон. Ихэвчлэн энэ мэт асуудлаар ярилцаж байна. Үүнийг дагаад унаач хүүхдүүдийн тухай гээд бүхэлдээ монгол наадмын тухай, адуу дагасан соёлын тухай яригдаж байгаагаараа өнөөдрийн энэ уяачдын зөвлөлгөөний гол ач холбогдол оршиж байна.
 
-Энэ зөвлөлгөөнөөс ямар нэг бичиг баримт, уриалга гаргах уу?
-Өвөрхангай аймгийн сумын алдарт уяачдын зөвлөлгөөнийг миний бие санаачилсан. Тэр санаачилгын түвшинд Үндэсний баяр наадмын тухай хуульд зөвхөн сум, аймгийн уяачидтай холбоотой, суманд болон аймагт морь уралдуудах талаарх зохицуулалтыг хийсэн хуулийн төслийг боловсруулсан байгаа. Энэ зөвлөлгөөнийг Төрийн ордонд хийж байгаагийн гол шалтгаан бол Өвөрхангай аймгаас гарсан төр засгийн удирдлагуудад бодит байдлыг дуулгая гэж бодсон юм. Мөн наадам дөхөж байгаатай холбогдуулаад Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал дараа дараагийн шатанд яригдах юм.
 
 -Хуульд яг ямар өөрчлөлтүүд оруулахаар тусгасан бэ?
-Жишээ нь, одоогийн хуулиар бол улсын алдарт уяач болохын тулд улс бүсийн наадамд дөрвөн түрүү, найман айраг авсан байх ёстой байдаг. Гэтэл сумын алдарт уяач болохын тулд зургаан түрүү, 12 айраг авах ёстой байдаг. Харин сумын наадам жилдээ ганцхан удаа болдог. Хоёрдугаарт унаач хүүхдүүдийн амь настай холбоотой аюулгүйн хувцас хэрэглэл гэх мэт заалтууд тусгагдсан байгаа. Гуравдугаарт аймаг сумын хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулах асуудлыг хэрхэн зохицуулах талаар мөн тусгасан. Үүнээс гадна Монгол наадамд монгол адуу уралддаг болохыг тэр дундаа унаган адуугаараа уралддаг болох асуудлыг оруулсан байгаа. Энэ нь Монгол адууны соёл болоод угшлыг сайжруулахад чухал үүрэгтэй юм.