Мартагдсан Монгол уламжлалаа Буриадууд сэргээнэ

2015 оны 05 сарын 06

Монголчууд өвлийн идэштээ үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд хуга цохидог уламжлалтай. Зарим нутагт бүр эрчүүд хоорондоо мөрий тавьж сээрний яс хуга цохин эр чадлаа гайхуулах нь бий. Гэхдээ одоо манай оронд бараг мартагдах шахсан, зөвхөн хөдөөний цөөн тооны малчдын дунд л үлдсэн энэ уламжлалийг ОХУ-ын Буриад улсад сүүлийн жилүүдэд сэргээж, спортын нэг төрөл болгох санал санаачилга өрнөөд байгаа аж.

Бидний сээр хуга цохих гэж нэрлэдэг, буриадиар “hэер шаалган” нь эрт дээр үеэс буриадын үндэсний зан үйл байгаад хожим тоглоом наадгай болжээ. Буриад эр хүний эзэмших 9 дадал чадварт сээр хуга цохих чадвар ордог байсан байна. Сээр хуга цохих чадвар нь дайн байлдаанд дайснаа сэлмээр оновчтой цохих дадал болдог, баатар эрсийн болзошгүй тулалдаанд бэлтгэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал сургуулилтын нэг байв. Буриадууд сээр хуга цохисон хүнийг ажилд эв дүйтэй, овсгоотой гэж үздэг бол залхуу, оролдлогогүй хүнд сээр хугалах чадвар байдаггүй гэдэг.

Буриадууд ах дүүсээрээ цугларан өвлийн үүцээ хийж, үхрийн 12 дахь сээрийг /үхэрт нийт 13 сээр байдаг/ хамгийн эхний махтай хамт чанаад, махыг нь хувааж идэн, эрчүүд сээрийг хуга цохьдог эртний заншилтай. Энэ нь тухайн жилийн өвлийн идэш болсон үхрийн сүнсийг амирлуулж, хойд төрөлд нь оруулж байгаа гэсэн утгатай нэг төрлийн дом аж. Хэрвээ тэр айлынхан сээрээ хугалж чадахгүй бол “Тэднийд нэг хугардаггүй сээр байна гэнэ” гэсэн дам яриа тухайн нутаг даяар тархдаг. Тэгээд түүнийг хугалах хүсэлтэй хүмүүс цагаан сараар уг айлд золгохоор ирэхдээ бооцоо тавьж, сээрийг цохин наадам цэнгэл болдог байжээ.

ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймгийн Гомбо Найданович Зубаков бол буриадын “hэер шаалган” уламжлалыг сэргээх санаачилгыг гаргасан, өдгөө энэ уламжлалыг Буриад улсын албан ёсны спорт болгох, цаашлаад ОХУ-ын спортын төрөлд багтааж, улмаар дэлхийн спорт болгон олимпын төрөлд оруулах том зорилго өвөрлөж яваа нэгэн. Буриад улсын спортын төрөлд албан ёсоор бүртгүүлэх ажил нь бараг бүтэх шатандаа яваа ажээ. Энэ нь албан ёсоор бүтчихвэл Буриад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ОХУ-ын улс үндэстнүүдийн уламжлалт спорт, тоглоом наадам хариуцдаг холбоонд хандах юм байна. Нөгөө талаар Гомбо Зубаков нарын хүмүүс буриад монголчуудын хамгийн эртний тоглоомуудын нэг сээр хуга цохих /эхэндээ зан үйлийн шинжтэй байгаад тоглоом наадгай болж хувирсан/ өв уламжлалыг хадгалан үлдээх, үндэсний тоглоомын нэр хүндийг дээшлүүлж хөдөө тосгонд уламжлалт мал аж ахуй эрхлэх сонирхлыг төрүүлэх, Монгол, Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг нийт монгол туургатнуудын дунд тархсан нийтлэг спорт болгох зорилттой.

Тэрбээр 2013 оны нэгдүгээр 19-нд Түнхэн аймагт В.Д.Цыренов, В.Г.Ошоров нартай хамтран анхны тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 70 гаруй хүн оролцсоноос Монголын Батчулууны Энхболд түрүүлсэн бол үнэмлэхүй аваргаар Валерий Сыренов тодорчээ.

Улмаар тэр жилийнхээ цагаан сараар буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Буриад улсын хэмжээний “hэер шаалган-2013” анхны тэмцээнийг зохион байгуулж нийт 13 багийг хамруулжээ. Анхны тэмцээн зохион байгуулагчид тэмцээн явуулах санаачилга гарган ажилдаа орсон даруйдаа сээр хуга цохих уламжлалт наадмын талаар буриадууд тун бага зүйл мэддэгийг ойлгожээ. Интернэт болон ном зохиолд энэ талаар тодорхой дурдсан зүйл тун ховор байсан бөгөөд зохион байгуулагчид, настайчуудаас сайтар лавлаж мэдсэний эцэст энэ тэмцээнийг амжилттай явуулж чадсан байна.

 

Зураг дээр:Буриадын анхныс тэмцээний үнэмлэхүй аварга Түнхэн аймгийн Даши Манзаров.

Буриадын драмын театрын тайзнаа болсон тус тэмцээний үнэмлэхүй аваргаар Түнхэн аймгийн Даши Манзаров, багийн дүнгээр Хамбын хүрээ дацангийн баг шалгарчээ. Насны хувьд энэ тэмцээнд сургуулийн сурагчдаас авахуулаад ахмад настнууд хүртэл хүссэн бүх хүн оролцсон бөгөөд тэргүүн байрыг эзэлсэн Түнхэний “Саян” багийн Даши Манзаров цэвэр цусны дөрвөн нүдтэй монгол нохой, Гандандашчойнхорлин хийдэд бүтээсэн бурханы гүнгэрваагаар шагнуулжээ. Харин дэд байрт шалгарсан Билигт Нохоров ОХУ-ын Зураачдын эвлэлийн Буриадын салбарынхны бүтээсэн бурхан, гуравт орсон Зоригт Габанов нутгийн хонины цэвэр ноосоор хийсэн “Дулаан” брэндийн хөнжил хүртсэн байна.  Тэгвэл багийн дүнгээр тэргүүлсэн “Хамбын хүрээ” хийдийн багийн гишүүн тус бүр жолооны дамжаанд үнэгүй суралцах эрх авчээ.

Энэ үеэр хамгийн олон үхрийн сээр авчирсан баг шалгаруулах уралдаан зарласны дүнд нэг баг доод тал нь 20 сээр ав­чир­сан бөгөөд Буриадын хамгийн хойт нутгийн Хүрэмхан тосгоны баг 200 сээр авч ирж, нийт 523 сээр цугласны тал хувийг тэмцээнд оролцогчид хугалж уралджээ. Ингээд хамгийн олон сээр авчирсан баг 10 мянга, хамгийн дийлддэггүй хоёр сээрийг авчирсан багууд тус бүр 5000 рублийн шагнал хүртсэн гэнэ.

Сонирхолтой нь, Түнхэний баг 1989 оноос хойш хугалж чадаагүй нэг сээр, Агын баг сүүлийн дөрвөн жил дийлээгүй бас нэг сээр авчирсныг тэмцээнд оролцогчид энэ удаад ч мөн хугалж чадаагүй гэнэ.

Одоо бол Буриад даяар жилд 2-3 удаа үндэсний хэмжээний тэмцээн зохиодог, нэг тэмцээнд дунджаар 150 орчим хүн оролцдог, аймаг тосгон болгонд шахуу багш дасгалжуулагчид бий болсон, ивээн тэтгэгчдийн хүрээ өргөжиж, бай шагналд заримдаа автомашин хүртэл өгөх болжээ. Тухайлбал, 2014 онд Түнхэнд болсон тэмцээний шагналд машин өгчээ. Нэгэнт спортын төрөл болгохоор зорьж буй учраас эрүүл ахуйн болон бусад шаардлагыг харгалзан тодорхой хэмжээнүүдтэй хиймэл материалаар хийсэн сээрийг хүртэл Москвад үйлдвэрлүүлж энэ спортыг сонирхогчдод хүргэжээ.

 

Өнгөрсөн 3 дугаар сард Хөвсгөл далай дээр болсон мөсний баярт Буриадын “hэер шаалган” холбооны тэргүүн Гомбо Зубаков хэсэг нөхдийн хамт Түнхэнээс ирж оролцож, 4 сээр авч ирэн багахан тэмцээн зохиосон нь тэнд цугларагсдын сонирхлыг ихэд өдөөжээ. 1 сээрийг хүмүүс 2 хоног ээлжлэн цохисны эцэст Мөрөнгийн нэгэн залуу хугалж 100 мянган төгрөгөөр шагнуулсан байна. Буриадын Түнхэн аймаг бол Монголын Хөвсгөлтэй хил залгаа. Түнхэнд Буриадын сээр хуга цохих уламжлалыг сэргээгчид голлон амьдарч үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд сээр хуга цохих энэхүү уламжлалаар Монгол орон, монголчуудтай илүү нягтрахыг эрмэлзэж, хил залгаа Хөвсгөл аймгийг гүүр болгох сонирхлоо илэрхийлж байгаа юм.

Буриадын сээр хуга цохих ээлжит том тэмцээн энэ 4 дүгээр сарын 24-25-нд Улаан-Үдийн Иволгын дацанд болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД