Хөшгийн хөндийд барьж буй нисэх онгоцны буудлыг 2017 онд ашиглалтад орно

2015 оны 05 сарын 05

Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй юм. Японы талаас 36 тэрбум 850 сая иен буюу  608 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.

 Үүнийг баталгаажуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн 2 дахь шатны зээлийг авах тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичигт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар гарын үсэг зурав.

 Хоёр дахь шатны зээлийн хэмжээн дээр 2008 онд олгосон эхний шатны зээл болох 28 тэрбум 870 сая иенийг нэмбэл уг төслийн нийт хэмжээ 65 тэрбум 657 сая иен буюу нэг их наяд 83.4 тэрбум төгрөг болж байна. Энэ нь 1990 оноос эхлэн Япон улсын Засгийн газраас  Монгол Улсад олгож ирсэн Хөгжлийн албан ёсны тусламжуудаас хамгийн өндөр өртөгтэй гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцоллоо.

Иений хөнгөлөлттэй зээлийн хүү 0.1 хувь бөгөөд эргэн төлөлтийн хугацаа 40 жил аж. Үүнийг бусад зээлтэй харьцуулбал бага хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа урт гэдгээрээ давуу юм байна.

 Хөшгийн хөндийд барьж буй нисэх онгоцны буудлыг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дээрх зээлийн хөрөнгийг зөвлөх үйлчилгээ болон Японы техник, технологиор онгоцны буудлыг барьж байгуулахад зарцуулна хэмээн албаныхан тодотгов.