“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийн нээлт болно

2015 оны 05 сарын 05

УДЭТ-ын уран бүтээлчид түүхт Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр тавдугаар сарын нээлтээ хийнэ.

Тус жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүн хүнээ үгүйлэх, хайрлах, энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай үзэгчид оюун ухаандаа эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.

Энэхүү жүжгийг найруулагч Э.Санчигдан, СТА, зураач Б.Төмөрхуяг, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байсан түүхтэй. Залуу халуун насандаа тус театрын тайзнаа бүтээлээ туурвиж хүний тухай, хүн хүнээ үгүйлэх хайрлах сэтгэлийн тухай үзэгч олонтойгоо хүүрнэж байсан Э.Санчигдан найруулагчийн найруулсан энэ жүжгийг түүний анд Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү Т. Аянга нар орчин цагт сэргээн тавьж байгаа юм.

Дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, Г.Амгаланбаатар,  Б.Болормаа, Б.Нармандах, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Г.Отгонцэцэг болон залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглоно.

Нээлтийн тоглолт энэ сарын 8, 9, 10, 13, 14, 16, 24-нд УДЭТ-ын тайзнаа болно.