Дэлхий дээр жилд олборлож буй нийт алтны 11 хувийг хог болгон хаядаг

2015 оны 04 сарын 20

Хэрвээ элдэв электрон хог хаягдлыг дахин боловсруулан тэдгээрээс хэрэгтэй материалыг гарган авч чадваас 52 тэрбум доллароор үнэлэгдэх хэмжээний материал цуглана.

НҮБ-ын гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий даяар хүмүүс 41.8 сая тонн цахилгаан бараа болон цахилгаан тоног төхөөрөмжийг хог болгон хаяжээ.

Энэ нь 1.15 сая ачааны машин хог хаягдал гэсэн үг бөгөөд ачааны машинуудыг эгнүүлэн тавибал 23 мянган км урт цуваа үүснэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Ийм их хэмжээний хог хаягдлыг дахин боловсруулж, тэдгээрээс хэрэгтэй материалуудыг нь салган авбал 52 тэрбум долларын үнэд хүрэх боломжтой гэнэ. Гэтэл өнөө үед нийт “цахим хог хаягдал”-ын ердөө зургааны нэг хүрэхгүй хувийг дахин боловсруулсан байна.

Хаягдал цахилгаан бараа болон цахилгаан тоног төхөөрөмжийн хамт 300 орчим тонн алт хаягджээ. Энэ нь дэлхий дээр жилд олборлож буй нийт алтны 11 хувь гэсэн үг юм. Мөн хөнгөн цагаан, мөнгөн ус, кадми, хром зэргийг агуулсан 2.2 сая орчим тонн материалыг хаягдал болгосон байна.

Нийт электрон хог хаягдлын 60 орчим хувийг хөргөгч, угаалгын машин болон гэр ахуйн бусад цахилгаан бараа эзэлж байна.

Гар утас, тооны машин, компьютер болон хэвлэгч нийт хог хаягдлын ердөө долоон хувийг эзэлж байна.

2014 онд Норвегийн нэг хүнд ногдох цахилгаан барааны хог хаягдал хамгийн өндөр буюу 28.4 кг болсон бол энэ үзүүлэлт Швейцарьт 26.3 кг, Данид 24 кг, Их Британид 23.5 кг байжээ.

Нэг хүнд ногдох цахилгаан хог хаягдлын хэмжээ Африкт хамгийн бага буюу 1.7 кг /тус тив 1.9 сая тонн электрон хог хаягдал хаяжээ/ байна.

“Цахим хог хаягдал үүсгэж байгаа байдлаараа АНУ болон Хятад /нийт хог хаягдлын 32 хувь/ дэлхийд “тэргүүлсэн” бол Япон, Герман болон Энэтхэг удаалж байна.

2013 онд дэлхий даяар 39.8 сая тонн “цахим хог хаягдал” хаяж байжээ. 2018 онд энэ үзүүлэлт 50 сая тонн болж өсөх хандлагатай байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД