Япончууд сансрын автомат аппаратыг 2018 онд хөөргөнө

2015 оны 04 сарын 20

Японы сансрын судалгааны агентлаг /ЖАКСА/ газардагч модуль бүхий сансрын автомат аппаратыг Сар руу 2018 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай Киодо агентлаг мэдээлжээ.

Дээрх төсөл хэдий хэмжээний өртгөөр хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна. ЖАКСА агентлаг төслийг боловсруулах шинжээчдийн баг бүрдэх үед буюу 2016 онд уг төслийг санхүүжүүлж эхлэх аж. Сансрын SLIM /Smart Lander for Investigating Moon/ аппаратыг Японы “Epsilon” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөх төлөвтэй байна. Энэ ажиллагааны гол зорилго нь Саран дээр ирээдүйд жолоодлогот хөлгүүдийг буулгахад тохиромжтой тийм газар орныг эрж хайх явдал юм.

Японы мэргэжилтнүүд мөн Итокава солир дээр "Хаябуса" аппаратыг буулгасан туршлагаа  шинэ модулийг Саран дээр буулгахад ашиглана хэмээн найдаж байгаа аж.

Япончууд Сарыг судлахад онцгой анхаарал хандуулж байгаа юм. 2007 онд ЖАКСА агентлаг дэлхийн дагуул руу "Кагуя" аппаратыг хөөргөсөн бөгөөд уг аппарат Сарны тойрог замд найман сар гаруйн турш байсан байна. Энэ хугацаанд уг аппарат Сарны гадаргууны маш олон тооны зураг авсныг нь “Google” корпорацийн мэргэжилтнүүд Сарны гурван хэмжээст зургийг гаргахад ашиглажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД