74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн 5200 метрийн өндөрт хүрээд байна

2015 оны 04 сарын 20

Энэ жилийн олон улсын уулчдын “Evеrест ехрedits-2015” багт Монгол Улсын уулчин уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Б.Цэвээндаш нар оролцож байгаагаас 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверестийн 5200 метрийн өндөрт байрлах лагерьт хүрчээ.

Түүний багт Австри, Энэтхэг, Монголын нийт 6 уулчин, шерпануудын хамт оролцож байна. Тухайлбал, Австрийн уулчин А.Холзер 49 настай эрэгтэй, долоон ноён оргилийн зургаад нь гарсан, мөн Чой оюу болон Шишипагма оргилд авирсан. Австрийн уулчин В.Клокер 44 настай, Австрийн армийн уулын газарчин Өмнөд Америк болон Непалийн 6000 метрээс дээш ууланд авирсан. Австрийн уулчин К.Бичлер 40 настай, Австрийн армийн уулын газарчин, Өмнөд Америк болон Непалийн 6000 метрээс дээш ууланд авирсан. Энэтхэгийн уулчин С.Мансухани 39 настай, уулын сургууль төгссөн. Энэтхэгийн 6000 метр оргилууд болон 7077 метр Кун оргилд авирсан. Энэтхэгийн эмэгтэй уулчин, 32 настай уулын сургууль төгссөн, 2013 онд Эверест оргилд, мөн ондоо Айланд пик оргилд авирсан. Монголын уулчин Д.Гүррагчаа ОБЕГ-ын сургагч багш, 74 настай.  Тус багт 6 газарчин-уулчин /шерпа/ болон авиралтын багийн ахлагчийн хамт 13 хүний бүрэлдэхүүнтэй.

Олон улсын уулчдын тус багийнхан энэ сарын 10-нд Непалийн нийслэл Катмандугаас хөдлөж замдаа /2350 метр/ Занму-д, /3750 м/ Нуалам-д, /4350 м/ Тенгри-д хоноглон өндөр авсаар энэ сарын 15-16-нд Эверестийн бааз лагерь /5200 м/-т хүрч Түвдийн талаас Эверестэд авирахаар зэхэж байна.

Тэд одоо өндөрт дасахын зэрэгцээ ачаа тээшээ тус лагерьт авчруулахаар бэлтгэж байна. Дөрөвдүгээр сарын 18-нд 6200 м хүртэл өндөрт авираад буцаж үндсэн лагерьтаа ирнэ. Олон улсын уулчдын “Evеrест ехрedits-2015” багийн авиралтууд үргэлжилж байна. Энэ удаагийн Түвдийн талаас буюу Эверестийн хойд талаас авирах “Evеrест ехрedits-2015” багт  АНУ, Англи, Австри, Энэтхэг, Монгол болон бусад орны 300-гаад уулчин оролцож байна.

Монголын уулчин ОУХМ, 2013 онд Эверестэд авирсан “Хөх тэнгэр” багийн гишүүн Б.Цэвээндаш мөн Эверестийн хойд талаас авирах бөгөөд  Эверестийн хоёр талаас нь авирсан монгол уулчныг нэгээр нэмэх зорилготой. Т.Гүррагчаагийн хувьд 70-аас дээш насандаа Эверестийн оргилд авирсан дэлхийн эхний 5 уулчны нэг болох юм. Б.Цэвээндашийн газарчин Улзуй шерпа нь Монголын уулчдыг багтаасан Азийн гурав дахь экспедицэд газарчнаар явсан бөгөөд Эверестэд 3 удаа гарсан уулчин юм.

Т.Гүррагчаагийн багт шерпа Пасанг Рита, Гялук, Нгима Канчха, Пемба Тэнзинг, Пема Чхежал нар газарчлах бол Гялже, Бирбал Таманг нар багийн тогоочоор ажиллана. Шерпа нар нь дээр үеийн уугуул монгол гарлын үндэстэн юм.

Одоогоор хамгийн ахмад уулчин Японы Мияара өөрийн хүү болон шерпагийн хамт 80 насандаа 2014 онд Эверестийн оргилд гарсан бөгөөд эмэгтэй уулчдаас мөн Японы Ватанабе 73 насандаа Эверестийн оргилд гарчээ.  Өнөөгийн байдлаар 13-80 насны 5000 гаруй уулчин Эверестийн оргилд хөл тавьжээ.

Монголынхоо уулчдыг Катмандугаас үдэж өгөөд ирсэн Монгол улсын гавьяат тамирчин С.Заяа уг мэдээллийг илгээлээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД