Улаанбурхан гарсантай холбогдуулж шуурхай хуралдлаа

2015 оны 03 сарын 31

Манай улсад улаанбурхан гарсантай холбогдуулж ЭМСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон НЭМГ-ын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон шуурхай хуралдаан өнөөдөр болов.

Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол /31.1%/ нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан юм. Хурлаар улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцжээ. Тус хурлыг даргалсан Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгч, өдөр тутам хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болгов.

Мөн улаанбурхан өвчний вакцин, оношлуур, эмч мэргэжилтний сургалт, хүн амд чиглэсэн сургалт сурталчилгааны талаар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан уулзалт зохион байгуулсан байна.