“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын бүртгэл эхэллээ

2015 оны 03 сарын 31

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” уралдаант хэсэгтээ бүтээл хүлээн авч эхэллээ.

Энэхүү наадмыг Монголд артхаус кино түгээн дэлгэрүүлэх зорилготой "Алтан хальс" холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Уралдаанд 18 нас хүрсэн Монгол болон гадаадын иргэд өөрсдийн бүтээлээр өрсөлдөх боломжтой. Сэдэв чөлөөтэй, бүтээл шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй, дуураймал бус, өвөрмөц байх ёстой аж. Мөн тухайн бүтээл өмнө нь кино уралдаанд оролцоогүй, сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн, интернетэд олон нийтийн хүртээл болоогүй байх шаардлагатай. Бүтээлээ хүүрнэлт кино, хүүрнэлт бус кино, хүүхэлдэйн кино гэсэн төрлөөр ирүүлэх боломжтой юм.

Наадмын шагнал гардуулах ёслол ирэх зургадугаар сарын 6-7-нд болно. Шалгарсан 5 бүтээлийг Австрийн хамгийн том кино наадам “Венийн кино наадам”-ын Viennale сонголтын хороонд толилуулах эрхтэй болох юм.

 Бүтээлийг ирэх тавдугаар сарын 14-нийг хүртэл интернетээр хүлээн авч бүртгэнэ.