Бидний бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинд анхаарах гэнэ

2015 оны 03 сарын 31

Биеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсээс 2015 оны дөрөвдүгээр сард хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох сорил болон сургалтыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тухайлбал, ирэх сарын 2-3-нд БТСХТ-ийн Хурлын танхимд Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох сорилыг зохион байгуулах төв, орон нутгийн биеийн тамирын арга зүйчдийн сургалт болно. Мөн ирэх сарын 6-нд БТС-ын их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхмийн багш нарын сургалт болох бол 8-нд ЭМСЯ-ны “Б” танхимд ЕБС-ийн биеийн тамирын багш нарын сургалт, маргааш нь “А” танхимд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй ЭМС-ын сайд уулзалт зохион байгуулна.

БТС-ын салбарын 2015 оны Бүсчилсэн сургалтын баруун бүсийн сургалтыг ирэх сарын 13-15-нд Говь-Алтай аймагт, зүүн бүсийг 20-23-нд Сүхбаатар аймагт, төвийн бүсийн ирэх сарын 29-нөөс тавдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймагт, хангайн бүсийг тавдугаар сарын 13-16-нд Архангай аймагт тус тус зохион байгуулахаар болжээ.

Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ерөнхий боловсролын болон тусгай дунд сургуулиудын эмч, биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын сургалтыг ирэх сарын 24-нд, Сургуулиийн өмнөх боловсролын байгууллагуудын биеийн тамирын багш, эмч, арга зүйчдийн сургалтыг дөрөвдүгээр сарын 28-нд тус тус БТСХТ-ийн Хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн хөгжиж байгаа улс орнууд хөгжлийнхөө явцыг хурдасгах, хөгжүүлэхдээ хүний хөгжилд анхаарч иргэдээ эрүүл энх, бүтээлч, урт удаан амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хурдасгах чиг хандлагыг баримталж иржээ. Хүн төрөлхтний амьдралын хэв маягийн өөрчлөлт, мэдээлэл, техник технологийн хөгжлөөс шалтгаалан хөдөлгөөний хомсдол нэмэгдэн хүний бие бялдрын хөгжлийн үзүүлэлт буурч, спортоор хичээллэгч хүүхэд, залуучуудын тоо цөөрч байгааг ДЭМБ, НҮБ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны байгууллага, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тиймээс улс, орнуудын төр, засгийн удирдлагуудад хүн амын биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцлийг бүрдүүлж, хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл аж төрөх арга барил, зан үйлийг төлөвшүүлэх замаар хүний хөгжлийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Хөдөлгөөн, эрүүл мэндийн талаар дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөж идэвхтэй хөдөлгөөн нь эрт нас баралтын түвшинг бууруулж, халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх арга болж зүрх, судасны болон чихрийн шижингийн тархалт, хүндрэлийг багасгаж, эрүүл мэндийн тусламжийн зардлыг хэмнэж, хүн амын болон хувь хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлдэг. Идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, бие бялдраа эрүүл чийрэг байлгах, эрүүл мэндээ сайжруулах боломж, бололцоо, хүсэл эрмэлзлэл нь хувь хүнээс шууд хамааралтай.

Иймд БТСХТ-өөс хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг үнэн зөв тодорхойлон хянах боломжоор хангагдах сорилын аргачилал, зөвлөмжийг боловсруулсан. Үүнийг хүн бүрт таниулан сурталчилж, амьдралдаа хэрэгжүүлцгээе.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД