Сүхбаатар аймгийн ОБГ-ын даргаар Т.Энхбаатарыг томилов

2015 оны 03 сарын 24

Өвөрхангай аймгийн Онцгой Байдлын Газар шинэ даргатай болсон нь ар, өврийн хаалганы асуудал хэмээн хардах хүн олон байсан. Тэгвэл тус газрын дарга Т.Энхбаатар Сүхбаатар аймгийн ОБГ-руу томилогдож, дэд хурандаа Д.Бэхбаяр түүний ажлыг авлаа.

Тэрээр 1995 онд Өвөрхангай аймгийн Гал унтраах 12-р ангид гал сөнөөгчөөр орон ажлын гараагаа эхэлснээс хойш энэ салбарт тасралтгүй ажиллаж байгаа ба энэхүү ажилд томилогдохын өмнө Төрийн ордны Онцгой байдлын албаны даргаар ажиллаж, Засгийн газрын 14 байр, яам агентлагийн газрууд, Их тэнгэр цогцолбор гээд 38 обьект бүхий газарт галын аюулгүй байдлыг хамгаалан хариуцаж байжээ.
Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат ажлаа өгч, тус байгууллагын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч С.Дуламсүрэн шинэ даргаар томилогдлоо. Геологи хайгуулын инженер мэргэжилтэй тэрбээр аймгийн ЗДТГ болоод МХГ-т эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр олон жил ажилласан учраас ажлаа мэддэг хэмээн хамт олон нь үнэлж байгаа аж.
Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 2 сарын 9-ний 55 дугаар тогтоолын дагуу Тээвэр авто замын газар татан буугдахаар болж тус газрын хамт олон хэзээ халагдахаа хүлээн сууж байна.