Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж сануулга өглөө

2015 оны 03 сарын 21

УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт асуулга хүргүүлжээ.

Уг асуулгад “Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл нь шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтанд орсон аж ахуй нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай байхаар тусгасан нь шударга ёсонд нийцэхгүй. Уг хуулийн төслийн 4.5-д татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөхөөр заасан байна. Гэтэл хуулиа дээдлэн, татварын алба, төрийн захиргааны байгууллагад хүндэтгэлтэй хандаж бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан аж ахуй нэгжүүдэд хамааралгүй байхаар заасан нь буруу.  Үүнийг шударга ёсонд нийцүүлж нэн түрүүнд татварын торгууль, акт тавиулсан болон хэрэгт шалгагдаж байгаа аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлэх ёстой” гэжээ.

Тэрбээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлд нийт хэчнээн иргэн, аж ахуй нэгжид өршөөл үзүүлэх боломжтой байгааг нэг бүрчлэн нэрсийн жагсаалтын хамт гаргах, 2012-2014 онд хийсэн нийт татварын шалгалтын тайлан мэдээ, торгууль, тавигдсан актын дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахыг хүсчээ.