“Ус эх дэлхийг тогтворжуулагч” хөгжлийн тайлангийн нээлт боллоо

2015 оны 03 сарын 19

2015 оны Дэлхийн усны хөгжлийн тайлангийн албан ёсны нээлт “Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдвээр өнөөдөр Энэтхэг улсын Шинэ дели хотноо болж байна.

 Энэ нь Дэлхийн усны өдрийг тохиолдуулан авч буй арга хэмжээний гол цөм нь юм.

2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх шийдвэрийг гарган түүнээс хойш 3 жил тутам гаргадаг болжээ. Тус тайлангийн нээлтийн ажиллагаанд зориулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова илгээлт ирүүлжээ. Тэрээр илгээлтдээ, “Дэлхийн усны өдрийг тэмдэглэх нь хүний эрх, эрх чөлөө, боловсрол, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, энх тайвны төлөө  болон ядуурлыг бууруулах үйлсэд ус ямар чухал болохыг онцлоход оршино. Бид усыг байнга байдаг л зүйл гэсэн ойлголтоо орхих шаардлагатай. Усыг хэрэглэх, түгээх мөн зарцуулахад бид ихээхэн өөрчлөлт гаргах шаардлагатай байна. 2015 оноос хойших хөтөлбөрт усны асуудал амин гол сэдэв болох ёстой.Энэ бол өнөөдрийн бидний илгээж байгаа илгээлт юм.

Би илгээлтээ Энэтхэг улсын Шинэ Дели хот болон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж буй Дэлхийн усны хөгжлийн тайлангийн нээлтээр эхлэлээ тавьж байгаа Дэлхийн усны өдөрт зориулан хүргэж байна. Энэхүү тайлан нь НҮБ-ын 30 гаруй агентлаг  болон хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр удирдан хянаж хэвлүүлсэн. Уг тайланд дэлхий даяар 750 гаруй сая хүн цэвэр усны  гачигдалтай, хөгжиж буй орны усны хэрэглээ 2050 он гэхэд 400 хувиар өсөх тооцоо гарсан байна . Иймд бид хүн төрөлхтний амьдралд ус чухал хэрэгтэй байгааг чухалчлан алсын хараатайгаар хамтран  ажиллах шаардлагатай байна. Агуу их Махатма Ганди “Бид өөрсдийн юу хийж байгаа болон юу хийх чадвартайн хоорондын зайг бөглөж чадвал бид өмнөө тулгарч буй асуудлуудын ихэнхийг шийдвэрлэх боломжтой ” гэж хэлсэн байдаг. Бид энэ орон зайг нөхөх хэрэгтэй. Бид хамтдаа энэ бүхнийг хийж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээжээ.