Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэв

2015 оны 03 сарын 03

Үр хүүхдээ орон гэртэй болгох, сургалтын төлбөрийг нь төлөх зэргээр амьдралын олон янзын хэрэгцээнээс болж тэтгэвэрийн зээл авч, үүнээс улбаалан аж амьдрал нь хүндэрч байгаа тохиолдол хөдөөд цөөнгүй байна.

Жишээлэхэд, Говь- Угтаал сум 167 ахмад настантай. Хүн амын нь арав гаруй хувийг ахмад настан эзэлдэг бөгөөд ахмадуудын 85 хувь нь тэтгэвэрийн зээлтэй. Ихэвчлэн зургаагаас дээш сараар зээл авсан байна. Зөвхөн нэг суманд тэтгэвэрийн зээлтэй ахмадууд ийм олон байна. “Ахмадууд гол төлөв өөрсдийн биш үр хүүхдийнхээ хэрэгцээнд зориулж зээл авсан байдаг. Сар тутмын орлогогүй байна гэдэг хоол унд, эрүүл мэнддээ зориулах бэлэн мөнгөгүй болж ахмадуудын аж амьдрал хүндрэхэд хүргэдэг. Энэ бэрхшээлээс болж үр хүүхэд дээр нь өвөлжүүлж, хаваржуулахаар хоёр ахмадыг Өмнөговь аймаг руу явуулсан тохиолдол ч байгаа” гэж сумын Ахмадын хорооны дарга Ц. Мөнхдалай ярилаа.
Тэрээр тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэдэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа асуудлыг сумын нь олон ахмад дэмжиж байгааг илэрхийлээд тэтгэвэрийн зээлийг  тодорхой хувиар тооцон олгодог, ингэхдээ цөөн сарын хугацаатай байвал зохилтой хэмээн санал бодлоо хуваалцсан юм.