1111 төвд төсөв хэрхэн хэмнэх асуудлаар санал их ирж байна

2015 оны 01 сарын 08

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганд танилцуулсан төсөв хэмнэх бодлоготой холбогдуулж иргэд "11 11 төв"-д саналаа ирүүлж байгаа аж.

 Иргэдийн саналаас түүвэрлэн хүргэж байна.

-Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээр зөв механизм бий болж, төсөв хэмнэнэ. Эхний ээлжинд харуул хамгаалалт, үйлчилгээ, аж ахуйг хувийн хэвшилд хариуцуулах нь дээр.

-Дарга нарын хангамжийг багасгах хэрэгтэй. Өдөр тутмын албан хэрэгцээнд нь приус-30 машин унуулж, 150 саяас дээш төгрөгийн үнэтэй жийпүүдийг хурааж авмаар байна. Цомхотголыг дээрээсээ эхлэн хийж үлгэрлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн нэг л туслахтай байж болно.

-Яам, агентлагийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллахад томилолтын зардал их гардаг тул ойр ойрхон хийдэг үр дүн муутай шалгалтуудыг зогсоох хэрэгтэй.

-Цэрэг, цагдаагийн байгууллагад үйлчилгээний ажил эрхэлдэг албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангиллаас гаргаж, дүрэмт хувцас өмсөх, тусгай албаны нэмэгдэл хангамж эдлүүлхийг халах нь зүйтэй. Тухайлбал, өвөл хавраас бусад цагт ажилгүй болдог Өвс тэжээлийн улсын нөөцийн 30-40 салбарт ажиллагсад, бусад байгууллагын нярав, нягтлангууд цэргийн дүрэмт хувцас өмсөх, тусгай албаны нэмэгдэл авах ямар ч шаардлагагүй.

-Сургууль, цэцэрлэгүүдийг хавар, зун, намрын улиралд ажиллуулаад, өвөл ид хүйтнээр гурван сар амардаг болгоё. Өдөр урт, урин дулаан цагаар хичээллэвэл урсгал зардал ихээхэн хэмнэгдэнэ. Нэг сургууль дулааны төлбөрт жилд 20 сая төгрөг зарцуулдаг бол ийм хуваарьт шилжихэд 12 сая төгрөг, төсвийн 750 гаруй дунд сургууль есөн тэрбум төгрөг хэмнэнэ. Эрчим хүчний зардал ч 3.7 тэрбум төгрөгөөр танагдана. Ийм систем улсын төсөвт төдийгүй нийгмийн амьдралд тустай. Хүйтний улиралд өрхийн эмийн, бензиний зардал хоёр дахин өсч, малчин гэр бүл мал, хүүхдээ даган хуваагдаж амьдрахаас аргагүй болдгийг ч тооцоолох хэрэгтэй. Сэтгэлгээ, дүрэм журмаа эдийн засгаа амьдралын таатай нөхцөлдөө тааруулан өөрчилье.

-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л өгөх нь зөв.

-Тэтгэвэр, цалин хамт авахыг зогсоох хэрэгтэй.

-Оюутны 70,000 төгрөгийн тэтгэмжийг үр дүнд тулгуурлаж олгох нь оновчтой.

-Нийслэлийн айл өрхүүдэд "хогийн" ногоон уут тараах гэх мэт үр ашиггүй зардлаа  зогсоох хэрэгтэй.

-1000 хүрэхгүй хүн амтай сумдын асуудлыг зоригтой шийдвэрлээч. 3000-аас доош хүн амтай суманд иргэний бүртгэлийн, мал эмнэлгийн үржлийн албаны гэх мэт зарим чиглэлийн мэргэжилтний ажил үүргийг өөр албан хаагчид нэгтгэж болохоор байна. Хэсгийн ахлагчаар цөөнгүй хүн ажиллуулж байгаа баг, хорооны орон тоог ч цомхотгох боломжтой.

-Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг ажилласан жилээс нь хамааруулж тооцохыг дэмжиж байна. Таван жил тутамд цалингийн дунджаар тэтгэмж авдаг цэрэг, цагдаагийн байгууллагын тэтгэмжийг бас цэгцлэх хэрэгтэй.

-Сард 2-3 саяар дээш төгрөгийн цалин хангамжтай шүүгч нар туслахтай байх шаардлагагүй

 

Улсын эдийн засагт сорилт тулгарсан энэ үед төр зоригтой шийдвэр гаргаж, иргэд эх оронч санаачилгатай байх нь чухал гэж иргэд тодотгоод, энэ мэт саналыг Засгийн газарт гаргаад байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.44 Та юу гэжijil бодож байна ...ijil vvregtei baiguullaguudiig zorigtoihon niilvvlj zooloh,mon toriin baiguullaguudiin dvremt xuvzasiig boliulah xeregtei!
183.81.169.59 дарга нарын гадаадад аялдаг зардлыг 70% танах шаардлагатай. тэд ажил бүтээхгүй зөвхөн зугаалж байна. Та юу гэж бодож байна ...