Нэг, гуравдугаар сард нутгийн баруун хагаст цас их орно гэв

2015 оны 01 сарын 08

Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Цогт-Очир мэдээлэл өглөө.

Нэг, гуравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэмээр дулаан байна. Харин хоёрдугаар сард нутгийн баруун хагаст өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээний цас орох бол бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Шинэ он гарсаар баруун болон говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудаар өдөртөө нэмэх градус давж дулаарсан. Дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй. Мөн томоохон голуудын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул баталгаатай зам, гүүрээр зорчих хэрэгтэйг иргэдэд анхаарууллаа.

Эдгээр мэдээлэл болон комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.

Комиссын гишүүд үүрэн холбооны утсаа байнга нээлттэй байлгаж, хурал зарласан цагт шуурхай цуглах, аймаг, нийслэлийн Засаг дарга нар анхаарал хариуцлагаа өндөржүүлж ажиллах, шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг үүргийг холбогдох гишүүдэд даалгалаа. Түүнчлэн, эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажил хангалтгүй байгаад анхаарч, энэ ажлын тайланг танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болгов

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД