Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан залуус батламжаа гардан авлаа

2015 оны 01 сарын 05

БСШУЯ-аас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, оюутнуудад батламж гардууллаа.

Монгол Улсад ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байгаа аж.

Эхний удаад инженерийн чиглэлийн магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах долоон багш, судлаачид болон Коосен сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосен сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрөөс батламж гардан авлаа.

 Энэ үеэр уг төслийн хүрээнд хэрэгжиж буй тэтгэлэгийн талаар БСШУЯамны сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.

-Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, багш судлаачдыг ямар шалгуураар авсан бэ?

-Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах багш судлаачдыг Японы талын хүлээн авах их дээд сургуулиуд болон Жайка байгууллагаас тавьсан шаардлага, МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, япон, англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгарууллаа. Эдгээр шалгарсан залуус ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Япон улсыг зорих юм.

- “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хоёрдугаар ээлжний шалгаруулалт хэзээ эхлэх вэ. Цаашид үргэлжлэх үү?

хний ээлжинд ШУТИС-ын оюутан, багш судлаачдын дунд “2+2” хөтөлбөрийн судалгааны ажлыг хийгээд дуусах шатандаа явж байна. Мөн Япон улсад гурван багшийг томилж хөтөлбөрийн судалгаа хийлгэж байгаа бөгөөд Японоос багш нар ирж тус сургуульд багшилж байгаа юм. Үүний дараа ирэх аравдугаар сард Японд мэргэших дараагийн ээлжний оюутан, багш нарыг сонгон шалгаруулж явуулахаар төлөвлөсөн. Харин Коосен сургуулийн бэлтгэл ангид эх орондоо бэлтгэгдэж буй 50 оюутан наймдугаар сард шалгалт өгөх юм.

-Эдгээр шалгарсан оюутан, багш судлаачид Японд хэдэн жил суралцах вэ. Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр сурахад ямар нэгэн болзол тавьсан уу?

-Уг төслийн хүрээнд хийгдэж буй тэтгэлэгт тэнцсэн эдгээр залуус Япон улсад цалинтай суралцах юм. Харин төлбөрийн хувьд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газар авч байгаа бөгөөд бид эх орондоо чанартай боловсон хүчин бэлдэхийн тулд ийнхүү боломжийг нээж өгч байгаа билээ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан эдгээр оюутан, багш судлаачдын хувьд сургуулиа төгсөж ирээд Монгол Улсдаа ажиллах болзолтой юм. Хэрэв энэхүү болзлыг хангаагүй тохиолдолд өөрсдөө төлбөрөө төлнө гэсэн хариуцлагын гэрээг хийсэн.  

Харин ШУТИС-ийн оюутан Г.Батцогт хэлэхдээ, “Япон хэлний ярианы шалгалт, сэтгэн бодох чадварын IQ тест, байгалийн ухааны шалгалт авсан. Би Кагава Коосэн сургуульд электрон мэдээллийн инженерчлэл мэргэжлээр суралцана. Монголд маш эрэлт хэрэгцээтэй мэргэжил. Чадварлаг, шилдэг инженер болж ирээд, эх орондоо ихийг бүтээнэ” гэж сэтгэгдлээ хуваалцав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД