1468 иргэн газар өмчлөх эрх авсан хэрнээ өргөдлөө өгөөгүй байна

2015 оны 01 сарын 05

"Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёр дахь ээлжийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ" гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Бага, цуурайн ам, Багагуур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14 мянга 490 иргэнд олгох юм байна.

Мөн өмнөх таван байрлаас Сонгинохайрхан дүүргийн соёндын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа удирдлагын хэлтэсийн мэргэжилтэн н.Баянбатаас тодрууллаа.

"Өнгөрсөн оны наймдугаар сараас иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлөх эрхийг өгсөн. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хэрнээ өргөдлөө өгөөгүй иргэд их байсан учир дахин сонгон шалгаруулалт хийлээ. Үүний үр дүнд 13 мянга 452 хүн газар өмчлөх эрхээр албан ёсоор баталгаажиж, газрын гэрчилгээгээ гар дээрээ авсан юм. Харин өнөөдрийн байдлаар 1468 иргэн сонгогдсон мөртлөө өргөдлөө өгөөгүй байгаа юм" гэлээ

Цахимаар газар өмчлүүлэх ажил 95 хувьтай байгаа бөгөөд хоёрдугаар ээлж Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эхлэх юм. Мөн иргэд газар өмчлүүлэх эрх авсан тохиолдолд холбогдох газар цаг алдахгүй өргөдлөө өгөх шаардлагатайг санууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД