Грек улсыг еврогийн бүсээс гарах асуудлаар хэлэлцэв

2015 оны 01 сарын 04

ХБНГУ-ын эрх баригчид Грек улсыг еврогийн бүсээс гарах асуудлаарх байр сууриа өөрчилж, одоо зайлшгүй тохиолдолд ийм үйл явдал болохыг зөвшөөрч байна. Энэ тухай “Spiegel” сэтгүүлд Германы Засгийн газрын эх сурвалжийг иш татан бичжээ.

Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, Грек улс еврогоос татгалзах нь хүлээн зөвшөөрч болох алхам гэдэг дүгнэлтэд Германы Канцлер Ангела Меркель, Сангийн сайд Вольфганг Шойбле нар хүрсэн байна. Урьд нь тэд эсрэг байр суурьтай байсан боловч еврогийн бүсийг хямралаас гаргах гарц тэднийг байр сууриа өөрчлөхөд хүргэжээ.

“Spiegel” сэтгүүлд тэмдэглэж буйгаар, хэрэв хатуу хэмнэлтийн арга хэмжээнээс татгалзаж, олон улсын зээлдүүлэгчидтэй байгуулсан гэрээг дахин хянаж үзнэ гэж амласан Алексис Ципрас тэргүүтэй Хэт зүүний үзэлт эвсэл /“Сириза”/ Грекийн хугацаанаас өмнөх парламентын сонгуульд ялбал тус улс еврогийн бүсээс зайлшгүй гарна гэж Берлиний эрх баригчид үзэж байна.

Германы Канцлер болон Сангийн яамны хэвлэлийн алба энэ мэдээллийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна гэж “DPA” тэмдэглэжээ.

Грекийн парламент 12 дугаар сарын 29-нд гурав дахь удаагаа улсынхаа Ерөнхийлөгчийг сонгож чадаагүй юм. Цорын ганц нэр дэвшигч болох Европын комиссын дарга асан Ставрос Димас зайлшгүй авах ёстой 180 саналыг авч чадаагүй байна. Түүнийг 168 депутат дэмжжээ.

Үүний улмаас Грект парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахаар болсон байна. Сонгуулийг нэгдүгээр сарын 25-нд явуулахаар товлолоо гэж Грекийн Ерөнхий сайд Антонис Самарс мэдэгджээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сонгуульд «Сириза» эвсэл ялж магадгүй байна.

Хямралаас гарахын тулд Грекийн эрх баригчид 240 тэрбум еврогийн зээлийг Европын Холбоо болон ОУВС-гаас авсан билээ. Тус улсын ДНБ 2008 оноос хойш 25 орчим хувиар буурчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД