“Түүчээ эрдэмтэн, тулхтай сурган хүмүүжүүлэгч” сэдэвт эрдмийн чуулган болов

2015 оны 01 сарын 02

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ж. Мижиддоржийн хөдөлмөрийн алдар тэмдэглэх “Түүчээ эрдэмтэн, тулхтай сурган хүмүүжүүлэгч” сэдэвт эрдмийн чуулган оны өмнө болов.

Профессор Ж.Мижиддорж нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, түүн дотроо газар тариалангийн болон дээд боловсролын салбарт дэндүү танил дотно эрдэмтэн гэдгийг уг чуулганд оролцсон түүний эрдэмтэн нөхөд, шавь нар, хамт олон нь үнэлж дүгнэв. Тэр бүхий л амьдралынхаа хагас зуун жилийг газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах, түүнийг хөтлөн явуулах шинжлэх ухааны үндсийг боловсруулах, шинжлэх ухаан, дээд боловсролын холбоог ойртуулж судалгаанд суурилсан их сургууль байгуулах тогтолцоог эхлүүлж материаллаг баазыг нь бэхжүүлэн оюуны чадавхийг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн  гэдгийг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Г.Гантулга нар онцлов. “Эрдэм боловсрол бол үерт урсдаггүй, түймэрт шатдаггүй, хулгайд алдагддаггүй хувь хүний хувиршгүй өмч хөрөнгө учраас хийж байсан, хийж байгаа, цаашдаа хийх бүхий л ажил маань миний хувьд хамгийн их үнэ цэнэтэй зүйл” гэж профессор Ж.Мижиддорж мөн үеэр онцлон тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД