Бид шатахууны хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна

2014 оны 12 сарын 23

Монгол Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах юм. Үүнээс А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байгаа аж. Үүнийг  өмнөх саруудтай харьцуулбал өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортлон авсан. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээр WTI газрын тосны үнэ 29 хувь, Брент тосны үнэ 36 хувь, Уралс-32 газрын тосны үнэ 36 хувь, Дачин-33 газрын тосны үнэ 40 хувиар буурсан мэдээ байна. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл, форвард хэлцлийн валютын ханшийн хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй зээлийг ердийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх, валютын ханшийг 1470-1800 төгрөгт ойртуулах ажил өрнөж байгааг салбарын яамнаас дуулгалаа. Жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ 2 жил гаруйн хугацаанд тогтвортой байсан бөгөөд цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж буй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД