Асашёорү Д.Дагвадорж: Д.Загдсүрэнг огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ

2014 оны 12 сарын 23

Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүдийг албан тушаалаасаа огцрохыг спортын арав гаруй холбоодын төлөөлөл шаардлаа.

Учир нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2001 оноос хойш олимпийн хороог удирдах хугацаандаа бэлэглэлийн гэрээгээр олимпийн хорооны тодорхой хэсгийг бусдад бэлэглэж, Олон улсын олимпийн хорооноос сард орж ирдэг мөнгөн дүнг юунд зарцуулснаа албан ёсоор тайлагнадаггүй, цаашлаад холбоодын хурлыг хаалттайгаар явуулдаг, мөн хорих ялаар шийтгүүлсэн мөртлөө Монгол Улсын шүүхийн өмнө гүтгэгдсэн хэмээн худал мэдээлж байгаад өршөөлийн хуулиар биеэр эдлэх ялаа хүчингүй болгосон. Иймээс спорт холбоодын төлөөлөл түүнийг огцрох шаардлагатайг сануулж байгаагаа хэллээ.

Хурлын үеэр Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, Асашёорү Д.Дагвадорж хэлэхдээ: “Д.Загдсүрэнгийн хууль бус үйлдлийг олон удаа илчилж байсан боловч одоог хүртэл арга хэмжээ авахгүй байгаад бухимдалтай байна. Энэ хүнийг огцруулчихаад би албан тушаалд нь очих гэж санаархсан юм биш. Ганц хүний хувийн эрх ашгийг дагаж мөрдөнө гэдэг байх боломжгүй зүйл. Д.Загдсүрэн хувийн тоглолт хийгээд байхад дуугүй суугаад байж чадсангүй. Энэ хүн 2004 оноос хойш Олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Аливаа зүйлд шинэчлэл хэрэгтэй. Спортыг ч гэсэн шинэчилэхгүй бол хөгжихгүй. Бүгдийг нь шинэчлэх бус хөгжих уур амьсгал оруулмаар байгаа юм. Надад албан тушаалд санаархах суудлын амбиц байхгүй гэдгийг дахин хэлье. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон удирдах зөвлөлийг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохгүй бол Хөлбөмбөгийн холбооны асуудалтай адил хэмжээний асуудал болно шүү гэдгийг сануулъя” гэсэн юм.

Түүнчлэн Спортын холбоодын төлөөлөл энэхүү асуудлаараа өчигдөр Монголын Үндэсний Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлд санал хүргүүлсэн бөгөөд тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авна гэв.

Харин спорт холбоодын төлөөлөлд Д.Загдсүрэн дарга хариу мэдээллийг маргааш хэвлэлийнхэд өгөхөөр болсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
81.190.58.79 Таene malyg gargahaa bolioch юу гэж бодож байна ...