Б.Жавхланцогт: Монгол бөхийг гаргуунд нь гаргаж байна

2014 оны 12 сарын 23

Монголын Үндэсний Бөхийн холбооны үйл ажиллагаа болон бөх сонирхогчдын эрх ашигт маргаантай асуудал бий хэмээн “Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” үндэсний бөх сонирхогчдын холбооны зүгээс үзэж байгаа ажээ.

Энэ талаар тус холбооны гишүүн Б.Жавхланцогтоос тодрууллаа.

-Юуны өмнө “Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” холбооны үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Үндэсний бөх сонирхогчдын энэхүү холбоо нь Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, хамгаалах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилготойгоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Түүнчлэн хэн нэгний эрх ашгийн төлөө байгууллага биш бөгөөд МҮБХ-ны удирдлага, Бөхийн өргөөг хэн ч удирдаж байсан бид хөндлөнгийн хяналт байнга хийж шүүмжлэлээ хэлнэ. Одоогийн байдлаар бөх сонирхогчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах, өв соёл уламжлалыг хадгалах зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах гээд хэд хэдэн зорилт тавьж ажиллаж байна. Хобооны гишүүдийн дийлэнх нь Монгол бөхийн судалгаа хийдэг хүмүүс юм.

-Танай холбооны зүгээс Монгол бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржыг хууль бус үйл ажиллагаа явуулаад байна гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үндэсний бөхийн үзэгчийг хэрэглэгч гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл хэрэглэгч үнэн зөв найраагүй, ёс жудагтай барилдаан үзэх ёстой боловч сүүлийн хэдэн жилд энэ эрх зөрчигдөөд байгаад бидний зүгээс бухимдалтай байгаа юм. Түүнчлэн Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа болон түүнийг тойрсон асуудлууд маш их байна. Тодруулбал, Бөхийн өргөөний хувьчлалын асуудал нилээд маргаантай байсаар өдийг хүрсэн. Үүнийг төрийн өмчийн хорооноос асуухад хариу өгдөггүй нь эргэлзээтэй асуудал болгож байгаа юм. Мөн МҮБХ-ны эрх барих дээд байгууллага болох “Их эе” нь дөрвөн жил тутамд хуралдана хэмээн дүрмэндээ заасан байдаг. Харин энэхүү хурлыг МҮБХ-ны эрх барих, төлөөлөх байгууллага болох Цэцдийн зөвлөл комисс байгуулж, зохион байгуулах үүрэгтэй боловч одоог хүртэл Р.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид хэрэгжүүлээгүй байгаа юм. Мөн Р.Нямдоржын МБӨ-ний тэргүүнээр ажиллах хугацаа 2002 онд дууссан боловч өнөөдрийг хүртэл албан тушаалдаа хэвээр байгаа нь хууль бус юм. Эдгээр хууль бус үйлдэл нь монгол бөхийг гаргуунд нь гаргаж байгаа юм.

-Танай холбооноос энэхүү хууль бус хэмээж буй асуудлаар холбогдох байгууллага, яамдад санал хүргүүлсэн үү?

-Одоогийн байдлаар Монгол бөхийн өргөөний Р.Нямдорж тэргүүтэй удирдлагуудад саналаа хүргүүлсэн боловч бидэнд хариу ирүүлээгүй байгаа. Түүнчлэн Төрийн өмчийн хорооноос хувьчлалын асуудлыг тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй. Монголын ард түмэн, нийт бөхчүүд, бөх сонирхогчдын эрх ашигийг ноцтой зөрчиж, хохироосоор байгаа учир манай холбооны зүгээс МУЗГ, Эрүүл мэнд, спортын яаманд уламжлахаар төлөвлөж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД