“Үндэсний сурын харвааг хөгжүүлье” зөвлөлгөөнийг зохион байгуулав

2014 оны 12 сарын 23

Үндэсний сурын спортоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх, онолын мэдлэг олгох, сумдын сурын товчоодын ажиллах чиг үүргийг тодорхой болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн “Үндэсний сурын харвааг хөгжүүлье” зөвлөлгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

 Сэлэнгэ аймаг эрт дээр үеэс өнөөг хүртэл сурын харваагаа үе уламжлуулан хөгжүүлж ирсэн, аймаг, улсдаа алдар цуугаа дуудуулсан үе үеийн харваачидтай нутаг. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, партизан Г.Бумцэнд, партизан Б.Дамдин, М.Цэдэв, Монгол Улсын гарамгай мэргэн О.Адилбиш, 18 насандаа Улсын мэргэн цол хүртсэн “хошой мэргэн” Ж.Гүнбадрал, нэг гэр бүлийн спортын 7 мастертай З.Баатарынх, үндэсний сурын ууган гавъяат тамирчин, анхны “дархан мэргэн” Ардын хувьсгалын ойн баяр наадамд 6 удаа түрүүлсэн амжилт нь одоо ч эвдэгдээгүй яваа Ч.Мөнхцэцэг зэрэг алдартай мэргэчүүдээрээ Сэлэнгэчүүд бахархаж явдаг.

Тиймдээ ч энэхүү түүхэн уламжлалаа бататгах, хөгжүүлэх, бүх нийтийг жигд хамруулан өсвөр залуу үеийнхэнд өвлүүлж, хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт, сурталчилгааг тогтмолжуулан үндэсний сурын харваагаар хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэхээр “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” аймгийн хөтөлбөрийг гаргасан байна.

Дээрх зөвлөлгөөнд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Соёлын төвийн эрхлэгч, биеийн тамирын багш нар, харваачид оролцож, шинжлэх ухааны доктор Ж.Базарсүрэнгийн “Нум сумын үүсэл, зэр зэвсэгийн тухай”, МҮСХ-ны хүндэт Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор С.Батхуягийн “Монгол харвааны хөгжсөн үе шатууд”, Үндэсний уламжлалт сурын холбооны Ерөнхийлөгч, ОУХМ Т.Зоригийн “Үндэсний сурын уламжлалт харвааны тухай”, Аймгийн сурын холбооны тэргүүн, Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатарын “Сэлэнгэ аймгийн үндэсний сурын товчоо, үүсэл, хөгжил, төрөн гарсан алдартнуудын тухай”, Буриад сурын харвааны холбооны дэд дарга, спортын мастер Б.Амарсайханы “Буриад сурын харвааны тухай, Урианхай сурын аймгийн холбооны тэргүүн О.Буянтогтохын “Урианхай сурын харвааны тухай”, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайханы “Сэлэнгэ аймгийн үндэсний сурын харвааг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө”-ний талаарх илтгэл мэдээллийг сонсож, сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгаас ардын хувьсгал ялснаас хойш Монгол Улсын мэргэн 25, спортын мастер 28 төрөн гарчээ. Улсын мэргэн спортын мастер Ж.Гүнбадрал ахлагчтай баг Г.Бумцэндийн нэрэмжит харваанд 3 жил дараалан түрүүлж үүрд хадгалах цом авч, багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн.

Хөдөө орон нутаг дахь нум сумны анхны үйлдвэр Шаамар сумын Дулаанхаан тосгонд 1995 онд байгуулагдан, өнөөдөр 21 аймаг, гадаад дотоодын сурын харваа сонирхогчдын захиалгаар эртний уламжлалт аргаар эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг урлан бүтээж байна.