Ирэх онд төсвийн хөрөнгөөр худаг гаргаж, засварлах ажил хийгдэхгүй гэв

2014 оны 12 сарын 23

Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр худаг гаргаж, засварлах ажил хийгдэхгүй, харин энэ ажлыг сумд дор бүрнээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө хийхээр болсон байна.

2015 онд 50 гаруй худаг шинээр гаргаж, 100 гаруй цэгт усны хайгуул хийлгэх захиалга аймгийн ҮХАА- н газарт ирсэн бөгөөд улс болон орон нутгийн төсвөөс хөрөнгө тусгаагүй тул сум орон нутгийн хөгжлийн сангаасаа тодорхой хувийг худаг ус гаргах, сэргээн засварлахад зарцуулах ажээ.
Тухайлбал мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлдэг, 640 гаруй малчин өрхтэй Сайнцагаан сум гэхэд 66 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаасаа зарцуулж, дарагдсан худгуудаа сэргээн засварлахаар болсон байна. Шинэ худаг гаргахаас илүү хуучин худгаа сэргээн засварлах нь хөрөнгө бага шаардахаас гадна худаг ус гаргаад хаяад байх биш аль болох засч тордож ашигладаг байх нь чухал хэмээн үзжээ. Энэ мэтээр сумд дор бүрнээ бэлчээрийн усан хангамжаа сайжруулахаар төлөвлөж байна.
1988- 1998 оныг хүртэл худаг гаргах ажил үндсэндээ тасраад байсныг гадаадын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хийдэг болж, улмаар 2000 оноос шинэ худаг ус гаргахад зориулан улс төсөвтөө хөрөнгө мөнгө тусгадаг болсон байдаг. Энэ онд Дундговь аймагт улсын төсвийн хөрөнгөөр 24, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14 худаг шинээр нэмэгдэж, одоогийн байдлаар 3 мянган уст цэгтэй болоод байгаа юм.