Хог хаягдлыг дахин боловсруулах ажил дутмаг байна

2014 оны 12 сарын 22

Манай улс жилд дунджаар 1,1 сая тонн хог хаягдал гаргадаг байна. Үүний 60-70 хувийг нь дахин боловсруулах боломжтой гэж байгаа юм. Гэтэл манай улс ердөө 5-6 хувийг л дахин боловсруулан ашиглаж байна.

Харин ахуйн хэрэглээний хог хаягдлыг ашиглан иргэд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр хог хаягдал буураад зогсохгүй иргэдийн амьжиргаа ч дээшлэх сайн талтайг онцоллоо.

Манай улс хог хаягдлаа дахин боловсруулдаггүйгээс гадна нийт хаягдлын 70 гаруй хувийг байгаль дээр олон жил хадгалагддаг хог эзэлж байна. Үр дүнд нь байгаль орчныг бохирдуулж эдийн засгийн зарлага нэмэгдсээр байгаа юм.

Тиймээс хогийг дахин боловсруулах асуудлыг ярьдаг ч бодит ажил өнөөг хүртэл хийгдээгүй. Харин ахуйн хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судлаж байна. Туршилтаар 8 нэр төрлийн хогийг ашиглаж  30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Гэхдээ өртөг өндөр, дээр нь иргэд хогоор хийсэн бүтээгдэхүүн гэсэн сэтгэлгээнээсээ салаагүй байгаа нь борлуулалтыг хязгаарлаж байна.

Иргэд гар доорх багаж хэрэгсэл ашиглаж хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгийг харууллаа. Тиймээс хог хаягдлыг дахин боловсруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх тэднийг дэмжих хэрэгтэйг гадна дотны төлөөлөгчид хэлж байна.