“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаа дүгнэв

2014 оны 12 сарын 22

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаа дүгнэв.

Тус эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд энэ онд олон ажлыг санаачлан хийж эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ стандарт, технологийг нэвтрүүлжээ. Үүнд эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн “ГАРЦ” арга хэмжээ, “Хүүхдийн сайн сайхны төлөө” бүтээн байгуулалт, “Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөө” сайн үйлсийн аян, “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” зөвлөгөөн, хэлэлцүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Аяга сүү I,II” төсөл, эх, хүүхдийн яаралтай, түргэн тусламжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, эх, нярай, хүүхдийн эмчилгээ, оношлогооны шинэчилсэн удирдамж, стандартууд, дэмжлэгт хяналт. Мөн “Хүүхдийн гүйлсэн булчирхайн эмчилгээний цэг”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар сумын эмнэлэг” хөтөлбөр, эмч, мэргэжилтнүүдийн гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтууд, “Promotion -14” эрдэм шинжилгээний бага хурал, бүтээлийн үзэсгэлэн зэрэг ажлуудыг хамгийн үр дүнтэй  арга хэмжээ боллоо гэж онцлов. Эдгээр ажлын чанар нь эх, хүүхдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний үзүүлэлт, 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад: 0-15 насны хүүхдийн эндэгдэл 4.7 промиль болж 2.0 промилоор, эндэгдэл 3.0 промиль болж 2.5 промилоор 0-1 насны хүүхдийн эндэгдэл 6.5 промиль болж 1.8 промилоор, 0-5 насны хүүхдийн эндэгдэл 7.6 промиль болж 3.5 промилоор тус тус буурч эхийн эндэгдэлгүй ажиллажээ. “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 60 ажлыг төлөвлөж 93 хувийн гүйцэтгэлтэй байна гэж мөн үеэр аймгийн ЭМГ-ын ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч ярилаа.