“Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн ээлжит бус хурал болов

2014 оны 12 сарын 22

Өнгөрсөн долоо хоногт Оросын  “Монголын  анд нөхдийн нийгэмлэг”-ийн ээлжит бус тайлан-сонгуулийн VI бага хурал Москвагийн “ВДНХ” дахь Сансар судлалын музейд  боллоо.  

  Уг нийгэмлэгийг ЗХУ-ын  хоёр удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, Вьетнам улсын Баатар, нисэх хүчний хошууч генерал, сансрын нисгэгч Виктор Горбатко 43 жилийн турш тэргүүлж ирсэн ажээ. Хурлын эхэнд Ерөнхийлөгч Виктор Горбатко 2012-2014 онд тус нийгэмлэгээс зохион явуулсан ажлын тайлан илтгэлийг тавьсан.  Хуралд оролцогчид тайлангийн хугацаанд нийгэмлэгээс зохион явуулсан арга хэмжээг өндөр үнэлж, нийгэмлэгийн удирдлагад талархал илэрхийлсэн юм. Хурлын төлөөлөгчид В.В.Горбаткогийн ээлжит бус бага хуралд оруулсан сонгуульт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг санал хураалтаар   хангав. Үүний дараа  тэд Виктор Васильевичийг “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн Хүндэт  Ерөнхийлөгчөөр санал  нэгтэй  баталсан.  
Хурлын төлөөлөгчид ОХУ-ын Төрийн думын депутатын туслах, ОХУ-ын  ШУА-ийн  Байгалийн  ухааны академийн зөвлөх, Цэргийн нисэх хүчний чөлөөнд байгаа хурандаа Бабушкин Владимир Алексеевичийг “Монголын анд нөхдийн нийгэмлэг-”ийн  шинэ  Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов.  Нөхөр В.А.Бабушкин “Монголын анд нөхдийн нийгэмлэг-”ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга  (2006- 2012 онуудад ) болон  дэд Ерөнхийлөгчөөр (2012 оны 12-р сараас 2014 оны 12-р сар хүртэл)  тус тус  ажиллаж иржээ. Түүнийг  Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн”одонгоор шагнажээ.
Түүнчлэн нийгэмлэгийн бүтцэд нилээд өөрчлөлт оржээ. Одооноос нийгэмлэг дөрвөн  дэд ерөнхийлөгч, хариуцлагатай нарийн бичгийн даргатай үйл ажиллагаагаа явуулна. Мөн тус нийгэмлэгийн удирдах зөвлөлд шинээр хоёр хүний нэрийг санал болгосныг төлөөлөгчид санал нэгтэй баталлаа. “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Шарк” ХХК-ний Ерөнхий захирал И.А.Рыбальченко; дэд ерөнхийлөгчөөр “Росстройизыскания” ХХК-ий Ерөнхий захирал Л.Г.Кушнир, дэд ерөнхийлөгчөөр “Ростехнологи” улсын  корпорацийн Ерөнхий  захирлын   зөвлөх, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын гишүүн,  Монгол улстай хамтран ажиллах асуудал эрхэлсэн   “Ажил хэрэгч  зөвлөл”-ийн Гүйцэтгэх захирал , чөлөөнд  байгаа  дэслэгч –генерал В.И.Халанов  болон  “БКУ” ХХК –ий орлогч захирал Е.А.Кузьмин нар тус тус  сонгогдов.
Мөн нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар Оросын ШУА–ийн Байгалийн ухааны академич, техникийн ухааны доктор Ильдар Рустамович Утямышев сонгогдов. Хуралд оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, гишүүд тухайлбал, Дорно-дахины хүрээлэнгийн Монгол судлалын секцийн эрдэмтэд, Монгол улсад тухайн цаг үед ажиллаж  амьдарч байсан зөвлөлт, оросын  мэргэжилтнүүд  болон оросын бизнесийнхэн болон  Москвад аж төрдөг манай иргэд болоод   хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид  оролцов.
Ээлжит бус бага хуралд  Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга М.Батсайхан нар  уригдан оролцов. Бага хурлын өмнө Элчин сайд Ш.Алтангэрэл болон зочид, хурлын төлөөлөгчид Москвагийн “ВДНХ” дахь сансрын түүхэн хөгжлийг харуулах  Сансар судлалын Музейн хосгүй үзмэрүүдтэй танилцав. Тайлангийн хурлын дараа  “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ээс  хүлээн авалт зохион байгуулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД