Баярын ширээг чимэх өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үү?

2014 оны 12 сарын 19

Жил бүрийн өдийд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Учир нь шинэ он гарах гээд худалдан авалт ихэсдэгтэй холбоотой. Харин үүнийг дагаад баярын өртөг нэмэгдэж, худалдан авагчдын санхүүгийн байдалд  хүнд цохилт үзүүлдэг билээ.

Харин энэ жилийн хувьд айл бүрийн баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн ямар өртөгтэй байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний тасгаас сурвалжиллаа.

 “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлэгчид энгийн өдрөөс хоёр дахин их байгаа харагдана.

Баярын ширээний хамгийн чухал зүйлийн нэг болох бялуу дунджаар овор хэмжээ, орц найрлагаасаа хамаараад дотоодын үйлдвэрийнх 7500-18000 төгрөг, бусад нь 10000-35000 төгрөгийн үнэтэй одоогийн байдлаар худалдаалагдаж байна.

Харин дараа нь жимсний тасгаар орсон юм. Худалдагч нар хаалгаар орж ирсэн хүн бүрт барааныхаа үнийг уралдан хэлж, авахыг санал болгож байлаа. Арга ч үгүй биз. Энд хүнсний тасгийг бодвол үйлчлүүлэгч цөөтэй юм билээ. Энэ жил жимсний үнэ урьд жилээс илүү өнөдөр үнэтэй байгаа бөгөөд усан үзэм хамгийн үнэтэй жимс аж. Тодруулбал, ясгүй нэг килограмм нь 15000 төгрөг бол харин ястай нь 6500 төгрөг. Түүнчлэн алим сортоосоо хамаараад дунджаар 4000-8000 төгрөг, мандарин хэмжээнээсээ хамаараад 2000-5000 төгрөг, киви 6800 төгрөг, гадил 4000 төгрөгийн үнэтэй байна.

Он солигдох мөчид бидний догдолсон сэтгэлийн илрэл бол оргилуун дарс. Бидний бага байхад оргилуун дарс насанд хүрсэн хүний хэрэглээ байсан бол одоо хүүхдэд зориулсан олон төрлийн жимсний амттай дарс байх болжээ. Оргилуун дарсны ихэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн импортынх гэнэ. Үнийн хувьд хүүхдийнх 3500-7500 төгрөг, том хүнийх буюу найрлагандаа спирт агуулсан нь 5000- 20000 төгрөгийн үнийн лого зүүжээ.

Архины тасгаас гаран хиам буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасгаар ханшын судалгаа хийв.  Эзэгтэй нарын баярын ширээг чимэх гол бүтээгдэхүүний нэг хиам байдаг. Тэгвэл хамгийн хямдхан нь гахайн махтай чанасан хиам нэг килограмм нь 6000, харин бөөний үнэ нь 5800 төгрөгийн үнэтэй байв. Харин хамгийн үнэтэй нь  мах импексийн давхар утлагат хиам нэг килограмм нь 11000-16000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа ажээ.

Түүнчлэн төмс нэг килограмм нь 700-950 төгрөг, лууван 1200 төгрөг, байцаа 1500 төгрөг, сонгино том жижгээсээ хамаараад 1500-2000 төгрөгийн үнэтэй байгаа нь урьд жилийн ханштай харьцуулахад өөрчлөлт ороогүй хэмээн худалдагч Д.Жаргал ярилаа.


Үнийн судалгаа цааш үргэлжилсээр шилтэй өргөст хэмх, саладны лангуугаар орлоо. Дотоодын үйлдвэрийн саладнууд дунджаар 1800-3000 төгрөгийн үнэтэй бол даршилсан өргөст хэмхийн хувьд үйлдвэр, хэмжээнээсээ хамааран 4000-10000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна.
 Харин саладны гол материалууд болох өндөг болон майонезны үнэ сонирхлоо. Өндөгний хувьд үйлдвэрээсээ хамаараад нэг ширхэг нь 230-400 төгрөг байна. Харин майонез Солонгос, ОХУ, Монгол-д үйлдвэрлэсэн гээд л төрөл төрлөөрөө эгнэн байгааа харагдсан ч үнийн хувьд бас өөр аж.  Дотоодын үйлдвэрийн майонез 250 граммтай нь 1600 төгрөг, Орос майонез 500 граммтай нь 3800 төгрөг, 2.5 килограммын савалгаатай нь 8500 төгрөг, солонгос майонез нэг килограммтай нь 7000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Бөмбөгөр худалдааны төвийн наймаачдын хувьд бараа бүтээгдэхүүнээ гэрээт борлуулагч болон бидний хэлж заншсанаар урдаас татан авчирдаг гэнэ. Тиймээс “Алив нэг баяр дөхөөд ирэхээр үйлдвэрлэгчид үнээ өсгөж, бид дагаад нэмэх шаардлагатай байдаг юм” гэж хүнсний тасгийн наймаачид ярилаа.

Үнийн ханшийг судалж явахдаа барагцаалсан тооцоо гаргахад 4-5 хүний баярын ширээг засахад ойролцоогоор 100000-120000 мянган төгрөг өртөгтэй байгаа юм.

Г.Оюунт

гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ