Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хурал болов

2014 оны 12 сарын 19

Армяны Ереван хотноо Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хурал өнгөрсөн сарын 18-23-нд боллоо.

Тус хуралд урилгаар Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн ерөнхийлөгч Ардын жүжигчин С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд нар оролцов. 

 Тус хурлаар төлөөлөгчид  “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал зэргийг хэлэлцэв. Шинээр удирдах зөвлөлөө сонгосноос гадна дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд, институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг яаж чиглүүлэхтэй холбогдсон уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, Олон улсын Театрын Институтийн гишүүн орны уран бүтээлчид хамтын үйл ажиллагаанд зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэсэн үйл ажиллагаа /сургалт, семинар, фестиваль/ Олон улсын Театрын Институтийн төвүүдийн үйл ажиллагааг нэгдсэн нэг сүлжээнд оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Тус институтээс жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн театр-2014 эмхэтгэл номонд УДЭТ-ын 2014 онд бүтээсэн онцлох уран бүтээлийн талаар хэвлэгдсэн байна.

Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн Боловсролын хорооны тэргүүн Н.Сувд нь Азийн урлагийн их дээд сургуулиудын хүрээнд /Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал/ сэдэвт фестиваль семинарыг 2016 онд Монголд хийх төслийг тус хорооны хурлаар батлуулж төлөвлөгөөнд оруулжээ.  Мөн ерөнхийлөгч С.Сарантуяа УДЭТ-тай хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза” болон “Театр-хүүхэд ирээдүй” олон улсын наадмыг  Олон улсын фестивалийн форумд видео болон зурагт хэлбэрээр танилцуулан хэлэлцүүлж, албан ёсоор бүртгэлд оруулжээ. Тус хуралд 47 орны төлөөлөгчид оролцов.