Гацуур мод авахад хэдэн төгрөг зарцуулах вэ?

2014 оны 12 сарын 18

Шинэ он гарах гээд багачууд өдөр хоногийг хуруу даран тоолж, эцэг эхчүүд бяцхан үрстэйгээ гацуур модоо чимж, шинэ оноо угтахад бэлдэж эхэллээ.

Хотын удирдлагууд ч нийслэлийнхээ гацуур модыг Чингисийн талбайдаа засч гэрлэн чимэглэлийг нь асаагаад амжсан. Албан байгууллагууд ч шинэ жилийн баяраа шил дараалан хийж, хотын гудамжаар гоёж гангалсан бүсгүйчүүд алхална. Энэ л дүр зураг хүн бүрийн сэтгэлийг догдлуулсаар арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

  Харин бусдын дайтай баярлахад биднээс их мөнгө шаарддаг билээ. “Баяр баян хүний зугаа, ядуу хүний зовлон” гэдэг үг бий. Гэхдээ л боломжтой боломжгүйгээс үл хамаарч дор бүрнээ догдлон хүлээдэг “Шинэ он” сайхан.

  Иймээс шинэ оны гол бэлгэ тэмдэг болсон гацуур мод болон төрөл бүрийн чимэглэлийн эрэлт хэр байгаа болон тэдгээрийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

Шинэ жилийн баярын чимэглэлийг Нарантуул зах, III, IV хороололд байрлах дэлгүүрүүд, “Бөмбөгөр” худалдааны төв гээд олон газар зарж байгаа.

Харин хотын төвтэй ойр тэгээд ч үнэ боломжийн байдаг учир ажлын заваараа ороод гарах хүмүүс олон байдгаар нь III, IV хороолол буюу “Ачлал”, “Түмэн плаза” , “1000 нэрийн бараа” зэрэг дэлгүүрийн гадна талбайд байрлах лангуунуудаар орлоо.

Энд гацуур модыг  жижиг ширээнийхээс авахуулаад таван метрийн өндөртэйг хүртэл өрж тавьжээ. Бүгд гоё гэрэл нь асчихсан их хотын маань өнгийг чимэн, шинэ оны уур амьсгал оруулан, хажуугаар нь өнгөрөх багачууд, томчуудын сэтгэлийг хөдөлгөнө. Үнийн хувьд жижиг ширээнийнх нь  саа чимэглэл зэргээс хамаарч 7000-55000 төгрөгөөр борлуулж байгаа бол нэг метрээс дээш гацуур 35 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Ноднин цагаан, цэнхэр гацуурууд зонхилж байсан бол өнөө жил дан ногоон гацуур мод болж байгаа хэмээн худалдаачид ярьсан юм. Тэгээд ч тэр үү өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур лангуу бүрийн ихэнх зайг эзэлж буй харагдана лээ.

Худалдагч бүсгүй ярихдаа: “Урьд жилийнхээс борлуулалт жаахан тааруу байна. Учир нь хүмүүсийн цалин буугаагүйтэй холбоотой байх. Ер нь ямар нэг бараа бүтээгдэхүүний борлуулалт сарын сүүлээр болон эхээр сайн байдаг. Зарим хүн 31-ний орой хүртэл гацуур асуугаад явж байх тохиолдол гарч байсан шүү” хэмээн ярьсан юм. Харин сааны хувьд 1500 төгрөгөөс эхлээд 20 мянган төгрөгөөр борлуулж байв. Тоглоомон чимэглэлийн ширхэгийг нь 1000 төгрөгөөс эхлэн багцаар нь 4000-50000 төгрөгөөр борлуулж байв.

Үүний дараа III, IV хорооллоос гарч “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд хорооллыг бодвол гацуур модноос илүү тоглоом, саа чимэглэл зарах нь их юм. Жижиг ширээний гацуур 6000 төгрөг, дунд зэргийнх нь 80 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол гурван метрээс өндөр нь 100 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Нилээн оройтож орсных ч тэр үү, хорооллыг бодвол энд тийм ч их худалдан авагч харагдсангүй.

  Харин шинэ жилд зориулсан цэцэрлэг, сургуулийн тайлан тоглолт ойрын өдрүүдэд их болж байгаа учраас янз бүрийн амьтны маск, хувцас эрэлт ихтэй байгаа хэмээн худалдагч Г.Цэцэгмаа ярилаа.

Харин эцэг эхчүүдийн төлөөлөл болох О.Батчимэг хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй “Манай хүүхэд цэцэрлэгийн шинэ жилдээ морь болж байгаа. Багш нь намайг морины баг олж ирээрэй гэсэн. Гэтэл тэр баг нь олдохгүй юм.Эгч нь аргаа бараад цаас цавуу гээд баг хийхэд хэрэгтэй материал худалдаж аваад явж байна. Хүү маань таны хийснийг өмсөхгүй, зориулалтын маск зүүнэ гээд уурлаад байгаа. Гэхдээ цаг нь тулчихсан болохооор үүнээс өөр арга алга” гэлээ.
Үнэхээр ч сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг төрөл бүрийн амьтан, тэдгээртэй адил хувцас олж ир хэмээн багш нар нь хэлдэг. Эцэг эхчүүд ч жилийн жилд энэ төрлийн хувцасны эрэлд гардаг. “Бөмбөгөр” худалдааны төвийн хувьд баг маскнууд хийсэн материал, хэмжээнээсээ хамаарч 1000-15000 төгрөгөөр борлуулж байна.. Ингэхдээ лангуунуудад бараг нэг төрлийн багнууд зарж байх бөгөөд тухайлбал, бич, үхэр,морь, хонины баг ховор байх жишээтэй.

 Гацуур мод тоглоом, саа чимэглэлийн үнэ өмнөх жилээс нэмэгдсэн талаар худалдагч нар хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил нэг тоглоомыг багадаа 800 төгрөгөөр худалдаалдаг байсан бол энэ жил 1200 төгрөгөөс эхлэн борлуулах болсон гэнэ.

Иргэд хамгийн ихээр зорьдог худалдааны төвүүдэд зарж байгаа гацуур, тоглоомоор сүлд модоо засна  гэж бодвол айл бүрийн хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод хамгийн багадаа 100 орчим мянган төгрөгт багтах нь гэсэн жижиг судалгааг гаргалаа. Гэвч шинэ он гарах өдөр дан ганц чимэглэсэн модоо хараад зогсохгүй нь мэдээж билээ.

Г.Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД