Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө

2014 оны 12 сарын 16

"Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014" өнөөдөр боллоо.

Уг форумын нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцох үеэрээ "Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ өдрөөс эхлэн төр засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компаниуд бүгд таваас дээш сая төгрөгийн гүйлгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор өөрийн веб хуудсанд, хэрэв веб хуудас байхгүй бол байгууллагын олон нийтийн самбарт нийтэлдэг болно. Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр Монголд үүрлэж бугшсан банк санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой залилан, авлигал гэх мэт маш олон асуудалд цэг тавьж, зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийх юм. Үүнийг бид туршлагаар нотолсон. Дансны гүйлгээг олон нийтийн хараа хяналтад ил тод байлгах нь маш үр дүнтэй арга хэмжээ болно гэлээ.


Шилэн дансны тухай хуулийг мөрдөж эхэлснээр Монголын банк санхүүгийн менежмэнт, хөрөнгө оруулалтын үр ашиг, авлигал, санхүүгийн гэмт хэргийг таслан зогсоох ажилд асар том дэвшил гарах учиртай. Энэ асуудлаар ирэх 18-нд томоохон хэмжээний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаа ажээ.