Налайхын хөгжлийг тодорхойлох “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2014 оны 12 сарын 16

Налайхын хөгжлийг тодорхойлох “Санамж бичиг”-т арванхоёрдугаар сарын 15-нд Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга Н.Баяраа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү уг гэрээг баталгаажуулсанаар тус паркад ажиллах хүчний хангамж, сургалт хөгжил, паркийн дэд бүтцийг хөгжүүлэх, хот байгуулах паркад зориулсан үйлчилгээний газруудыг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар болсон.

Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикийн цогцолбор байгуулах бодлогыг урагшлуулж бодит ажил болгох, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технолоийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 148 дугаар тогтоолоор “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан. Энэ парк нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутгийн 120 га газарт байгуулахаар ТЭЗҮ-г боловсруулагдсан бөгөөд бүх төрлийн шилэн эдлэл, керамзит бетон эдлэл, хиймэл болон байгалийн чулуун хавтан, угсармал бетон хийц эдлэл, сэндвич хавтан, төмөр хийц эдлэл, хими будгийн үйлдвэрлэл, өнгөлгөөний тоосго, бетон зуурмаг, дулаан тусгаарлах хийц эдлэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх 40-50 үйлдвэр байгуулахаар тооцсон байна.

Энэ үеэр дээрх төслийн танилцуулгыг дүүргийн удирдах ажилтнуудад хийсэн бөгөөд парк бүрэн ашиглалтад орсоноор Монгол улсын барилгын материалын үйлдвэрлэл 1,78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж 1500 ажлын байр шинээр бий болох юм. Энэ ажлын бүтээн байгуулалтад зориулж нийслэлийн 2015 оны төсөвт 1,6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд ажил 2015 оноос эхэлнэ.