Завхан аймагт гэмт хэргийн тоо өсчээ

2014 оны 12 сарын 15

Завхан аймгийн Прокурорын газарт нийт 140 гомдол, хүсэлт, мэдээллийг иргэд, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид ирүүлжээ.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1166 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 40 буюу 3.4, гэмт хэрэг 352 үйлдэгдсэн нь 27 буюу 7.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 22 буюу 21.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэрэг 5 буюу 41.6 хувиар өссөн байна.

Мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт сайн байна

Завхан аймагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 29 буюу 25.8 хувиар өссөн байна.
2013 оны мөн үед үйлдэгдсэн 83 хулгайн гэмт хэргийн 37 нь мал хулгайлах гэмт хэрэг байсан бол 2014 онд үйлдэгдсэн 112 гэмт хэргийн 50 нь мал хулгайлах гэмт хэрэг байна. 2014 онд мал хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 490 толгой мал хулгайд алдагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 371 буюу 75.7 хувиар өссөн байна.  Харин хэргийн илрүүлэлт 90 гаруй хувьтай байгаа нь эерэг үзүүлэлт юм.

Хээл хахууль авах гэмт хэрэг гарчээ

Завхан аймагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 6 буюу 15 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Харин бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг  2013 онд гурав үйлдэгдсэн бол 2014 онд 8 хэрэг гарсан байна.  Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг 2013 онд 5 үйлдэгдсэн бол 2014 онд 9 буюу дөрөвөөр нэмэгдсэн байна. Мөн бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 2014 онд 34, хээл хахууль авах гэмт хэрэг гурав үйлдэгдсэн байна. Гэх мэтчилэн дээрх төрлийн гэмт хэргүүд 2013 онтой харьцуулахад энэ онд өсөх хандлагатай байгааг харуулж байна.