Робот загаснуудыг туршжээ

2014 оны 12 сарын 15

НУ-ын Тэнгисийн цэргийн хүчний инженерүүд усан доор тагнуул хийх зорилготой робот загаснуудыг туршжээ. “The Washington Post” сонинд мэдээлснээр, уг төсөл нь 1 сая орчим долларын өртөгтэй байна.

Огцом эргэлт хийх, чимээ гаргалгүйгээр сэлэх зэрэг загасны үйлдлийг бүрэн дуурайх чадалтай энэ төхөөрөмж нь 1,5 метр урт, 45 кг жинтэй ажээ. Робот загас нь цагт 75 хүртэл км хурдлах чадалтай байна. “Ийм чадварууд нь хамгаалалттай усанд анзаарагдахгүйгээр тагнуул хийх, мина илрүүлэх, ачаа хүргэх боломж олгоно” гэж “The Washington Post” сонинд тэмдэглэжээ.

Туршилтыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын Виржини муж улсын эрэг хавьд явуулсан байна. “Уг төхөөрөмж нь загасыг дуурайлгаж хийсэн бөгөөд яг л загас шиг харагддаг. Бид түүнийг робот туна гэж нэрлэсэн. Түүнд ямар ч сэнс, тийрэлтэт хөдөлгүүр байхгүй. Тэр сүүлнийхээ хөдөлгөөний тусламжтайгаар сэлдэг” гэж уг робот загасыг бүтээхэд оролцож буй цэргийн хэлснийг “The Washington Post” сонинд бичжээ.

Диснейн хүүхэлдэйн киноны баатрын нэрээр нэрлэсэн “Чимээгүй Немо” төсөлд цэргийн болон иргэний мэргэжилтнүүдийн аль аль нь оролцож байгаа аж. Роботуудыг алсын зайнаас удирдах боломжтойгоос гадна автоматаар ажилладаг байна.

Уг төхөөрөмж ирэх онд Тэнгисийн цэргийн мэдэлд очих төлөвтэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД