Өндөр гэгээн Занабазарын урласан баримлыг 3,46 сая еврогоор худалдлаа

2014 оны 12 сарын 12

Монгол Улсын Засгийн газар худалдахыг хориглохоор хүчин чармайлт гаргасан ч XVII зууны үеийн монгол хүрэл баримлыг Парист дуудлагаар 3,46 сая евро буюу 4,3 сая доллароор худалдлаа.

Тара буюу Дарь эхийн /ногоон/ энэ баримлыг XVII зуунд Өндөр гэгээн Занабазар урласан бөгөөд үүнийг Франц руу хууль бусаар гаргасан байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа Монгол Улсын Соёлын сайд Л.Гантөмөр бичгээр мэдэгдсэн юм.

“Сотбис” дуудлага худалдааны корпорацын захирал Гийом Черуттид бичсэн захидалдаа сайд Л.Гантөмөр,  “Монгол Улс 1920 оноос хойш Занабазарын бүтээлийг худалдахыг хориглосон. Тиймээс “Сотбис” корпорац “хууль, эрх зүйн үр дагаврыг бодолцон” үүний гарал үүслийг тогтоох  шаардлагатай” гэжээ.

“Сотбис”-ийн тодорхойлсноор, Занабазарын энэ бүтээл нь “нэн ховор, алтны ялтас бүхий хүрэл баримал” аж. “Сотбис”-ийн Франц дахь албан ёсны төлөөлөгч Александрин Хававинни Монголын нэхэмжлэлд хариу өгөхөөс татгалзаж, ямар үнээр худалдсаныг мэдэгдсэн юм.

Танилцуулгаас үзвэл, уг баримлыг 1954 онд Парисаас Жан-Клод Моро-Гобард гэдэг хүн худалдан авч байжээ.