“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг толилуулна

2014 оны 12 сарын 10

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 27-29-нд тайзнаа толилуулна.

 Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулан бүдгэрсэн 1911 оны 12 дугаар сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.

 Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон VIII Богд Жавзандамба нар нь тус жүжгийн түүхэн  гол дүрүүд болон тодорно. Гурван бүлэг зургаан үзэгдэлт энэхүү түүхэн жүжиг нь тайзнаа тавьж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад дуурилаг шинж чанарыг  агуулсан, дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл болсноороо онцлогтой.

 Энэхүү бүтээлд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагч, “Сити” дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа юм. Найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  Х.Хашхүү, О.Цэцгээ  нар ажиллажээ.