Үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээнийг зохион байгуулав

2014 оны 12 сарын 10

Монгол Улсын спортын мастер, Үлэмж дархан мэргэн Хайдавын Баатаржавын нэрэмжит үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээнийг энэ сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа.

 Тэмцээнд Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын 100 гаруй шагайчид хүрэлцэн ирж, цэц мэргэнээ уралдууллаа. Ингээд тэмцээний тэргүүн байрыг Улаанбаатар хотын н.Ямааранз ахлагтай “АПУ” ХХК-ийн баг эзэлж, алтан медаль, өргөмжлөл 800.000 төгрөг, 2-р байрт Б.Болд ахлагчтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг удаалж мөнгөн медаль, өргөмжлөл, 640.000 төгрөг, 3-р байрт Т.Гантулга ахлагчтай Сүхбаатар сумын баг орж хүрэл медаль, өргөмжлөл 480.000 төгрөгийн эздээр тодорлоо.

Тэмцээний эзэн Х.Баатаржавын нэрэмжит шагнал”-аар Өвөрхангай аймгийн харъяат 17 настай залуу харваач Г.Бүддорж тодорч, өргөмжлөл, 100.000 төгрөгөөр шагнагдлаа. Тус тэмцээнийг Монгол Улсын спортын мастер, Үлэмж дархан мэргэн Х.Баатаржавын үр хүүхдүүд санаачлан Сэлэнгэ аймгийн Шагайн холбооны дарга Б.Болд болон түүнтэй хамт тоглож явсан 1993, 1994, 1996, 1997, 1998 оны Монгол Улсын аварга, үндэсний шагайн харвааны домог болсон Сэлэнгэ аймгийн багийн харваач, Үлэмж дархан мэргэн Батмөнх, Болд, Энхтөр болон бусад харваач нар хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээний үеэр хоёр баг тэнцэж дүүжин гарсан байна. Энэ тохиолдолд Сэлэнгэ аймгийн харваач Ууганаа онож хоёуланг нь онож, шилдэг гэдгээ харууллаа. Дүүжин гэдэг нь хасааны оронд 10-тын зоосыг харвахыг хэлдэг юм байна. Дашрамд дуулгахад Сэлэнгэ аймгийн шигшээ багийн харваачид үндэсний шагайн харвааны түүхэнд улсад 5 удаа тэргүүлж, хоёр удаа дэд, гутгаар байранд орж, Монголын бүх ард түмний спартакиадаас алтан медаль авсан амжилтаараа “Домог” болон алдаршсан, Үлэмж дархан мэргэчүүд байдаг ажээ.

Г.Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД