Эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлнэ

2014 оны 12 сарын 09

Эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилга гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хурал ЭМЯ-нд боллоо. 

Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог бол нийт эмийн 30 орчим хувь нь улсын бүртгэлтэй байдаг тухай албаныхан хэлэв. 

Өнөөдөр үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр бүтээгдэхүүний ердөө найман хувь нь улсын бүртгэлд бүртгэгджээ. ЭМЯ, МХЕГ-аас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд хамруулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд одоогоор нийт эмийн 30 орчим хувь бүртгэлд хамрагдаад байгаа аж. 

Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалаар 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой бол бусад төрлийн эмэнд оруулж ирсэн эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн үнийг тогтоодог байна. Валютын ханшийн өсөлтөөс хамаарч өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү үнэтэй байгаа аж. Иргэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл гэхээсээ илүүтэй хэн нэгнээс сонссон дам сургаар худалдан авах эсвэл брэнд эмэнд илүү итгэх хандлагатай байдаг нь эм өндөр үнэтэй байхад нөлөөлдөг байна.

Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол улс багтдаг аж. Тиймээс эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буух боломжтой гэнэ. Эмийн ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулахаар энэ удаагийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэснээр ард иргэдэд хүрч буй эмийн хүртээмжийг сайжруулах, чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэх, хамгийн боломжит бага өртгөөр иргэдийн гарт хүргэхийг зорьж байгаа аж. 

Тус хуралд ЭМЯ, ДЭМБ, Трансперенси, Интернейшнл Монгол болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.